Аймгийн Засаг дарга Хүдэр, Ерөө, Бугантад ажиллалаа

Шинэ долоо хоногийн ажлын эхний өдрүүдэд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Хүдэр, Ерөө сумд, Бугант тосгонд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Тэрээр энэ сард аймгаа бүтэн тойрч, сумдынхаа иргэдэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, малчдынхаа амьдрал ахуй, хаваржилтын байдалтай биечлэн танилцах ажлыг хийж байгаа юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2012-2016 онуудад хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж байгаа юм. Энэ удаа тэрээр Хүдэр, Ерөө, сумд, Бугант тосгоны иргэдтэй уулзлаа. Тус сумдын тухайлбал Бугант тосгонд юмны үнэ өндөр, модон материал боруулалт муутай, аймгийн төвөөс хол учраас тэр бүр хүмүүс очиж худалдан авалт хийдэггүй аж. Иймээс айл бүр хашаандаа банзаа хурааж өөр хоорондоо зүгээр өгч авалцдаг болсон гэнэ. Энд балкны үнэ 7000-8000 төгрөгийн үнэтэй байгаа гэж иргэд ярьж байна. Мөн өндөр настнууд тэтгэвэрийн асуудлаар санал бодлоо илэрхийлж байсан. Тус тосгонд уушгины өвчлөл их байдаг учраас явуулын рентген аппарат ашиглаж шинжилгээ авч байхыг хүсч байлаа. Мөн өндөр настан Бат-Очир гуай аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэг өдрийг тусгайлан Бугантын иргэдэд зориулж өгөөч. Бид бөөнөөрөө очоод үзүүлж, шинжилгээ өгөөд ирмээр байна. Холоос яваад очдог, өдөртөө үзүүлж чаддаггүй. 2-3 өдөр болдог. Иймээс аймгийн төвд олон хоног байж, үзүүлж харуулахад хүндрэлтэй байна гэсэн саналыг хэлж байв. Үүнийг Засаг дарга дэмжиж байгаагаа хэлсэн. Тосгоныхоо иргэдийг зохион байгуулаад эргээд мэдэгд гэсэн хариулт өгсөн. Ерөө сумын иргэдийн хувьд малын бэлчээр байхгүй, малтай иргэдийг сумын төвийн ойр байлгахгүй байна гэсэн гомдол мэдүүлсэн. Үүнийг хуулийн хүрээнд сумын Засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд шийдэхийг аймгийн дарга хэллээ. Тус сумын иргэд аймгийн даргын тайлангийн ажилд сэтгэлд дүүрэн байгаагаа илэрхийлсэн.