“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь” уриан дор нээлттэй аян эхэллээ

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 06-р сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон зарласан байна. Энэхүү өдрийг угтан Хөдөлмөрийн яамны харъяа байгууллагаас энэ удаа “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах нь” уриан дор нээлттэй аяныг орон даяар өрнүүллээ. Эл аянд Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтэс, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран оролцож байна. Тус аян өнөөдрөөс 6-р сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдах бөгөөд бүх шатны байгууллага, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 441 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд эдгээрийн дотроос ХАА-н салбарт 4, жижиг бизнес эрхлэгчдад 3, хурдан морь унаач хүүхэд 434 бүртгэгдсэн байна. Мөн аймгийн хэмжээнд орон гэргүй 18, сургуульд суралцаагүй 32, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж болзошгүй 42 хүүхэд байгаа аж. Тиймээс өнөөдрөөс эхлэн “Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье. Чанартай боловсролд “ЗА” гэж хэлье хэмээн уриалж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тус өдрийг угтан зарласан эссэ бичлэгийн уралдаан, гар зургийн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан өглөө. Мөн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт боллоо. Аяныг нээж аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга П.Оюун мэндчилгээ дэвшүүллээ.