Сум дундын хил орчмын бэлчээрийн маргаантай асуудлыг шийдвэрлэлээ

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Орхон, Орхонтуул сумдад ажиллаж, иргэд, малчидтай уулзалт хийлээ. Аймгийн дарга дээрх сумдад ажиллах үеэр тус сумдын малчдын хувьд сум дундын хил орчмын бэлчээрийн газрын асуудлаар маргаантай асуудлууд нэлээд хөндөгдсөн. Тухайлбал Орхон сумын хувьд Орхонтуул, Баянгол, Төв аймгийн Октябрь сумдуудтай хиллэдэг юм байна. Тус сумын “Мангирт” багийн “Мэргэн шувуу” хэмээх газарт өвөлжиж байгаа малчдын бэлчээрийн маргааны асуудал нэлээд анхаарал татаж байлаа. Энд 10 гаруй малчин өрх байдаг бөгөөд сумын төвөөсөө 30-40 км зайд оршдог, мөн худаг ус муутай, багийн ИНХ-ын даргаа мэддэггүй, малчдаараа явж хурлаа хийж, асуудал шийдэж өгдөггүй зэрэг гомдлыг аймгийн даргад тавьж байлаа. Аймгийн даргын зүгээс тус хил залгаа Баянгол сумын Засаг дарга Б.Энхбатыг дуудан ирүүлж, асуудлыг газар дээр нь хуулийн хүрээнд шийдвэрлэх тал дээр саналаа солилцсон. Мөн энэ багийн малчдаас эмч дуудахад ирдэггүй гэсэн гомдлыг хэлсэн. Малчдын зүгээс шар польд мал оруулснаас болж тариаланчидтайгаа үгээ олдоггүй, дэндүү дураараа дургих байдалтай байгааг компанийн хүмүүс ярьж байлаа. Сэлэнгэ аймгийн хувьд улс орны хүнсний үйлдвэрлэлийг хариуцдаг газар тариалангийн гол бүс нутаг учраас энэ гол үйлдвэрлэлээ анхаарлын төвд байлгаж, хуулийн хүрээнд ажиллахыг аймгийн дарга анхааруулсан. Орхон сумын тухайд бэлчээрийн даац 4-5 дахин нэмэгдсэн байна. Газар тариалангийн хууль чинь эргэж харахгүй бол малчид, тариаланчдыг хагаралдуулах хууль байна хэмээн Мангирт багийн малчид хэлсэн. Үүний хариуд аймгийн дарга Сэлэнгэ бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах гол үүрэг хүлээсэн аймаг. Иймээс хуульд захирагдаж, хуулийн хүрээнд бид ажиллана. Та нөхөд суугуул, уугуулаас үл хамааран бие биенээ дэмжиж, өөрөө өөрсдийнхөө төлөө, хувь хүн өөрөө тэмц. Иргэд хоорондын харилцааны асуудал хамгийн чухал. Боломжоороо байгаагаа хуваан хэрэглэж сур. Сэлэнгэ аймагт бусдыгаа гадуурхах, дээрэлхэх ийм асуудал хэзээ ч байхгүй. Байгаагүй. Иймээс та нөхөд ам хэлээрээ ярилцаад, хуулиа дээдлээд зохицож амьдар гэдгийг хатуу сануулсан. Мөн шинэ гарч буй хуулийг хэрэгжүүлэхэд холбогдсон журмыг ХХААЯ-наас гаргана. Энэ журмын хүрээнд бид ажиллана. Гэхдээ бид хохироохгүй аргаар шийднэ. Малын тоо толгойг бодлогоор бууруулна гэдгийг анхааруулж хэлсэн. Орхон сумын иргэдийн бас нэг гол асуудал бол ногоочдод олгох газрын асуудал байлаа. Сумын Засаг дарга газрыг авах гэсэн хүнд өгөхгүй, нэг жилийн хугацаатай өгсөн гэх зэрэг гомдлыг тавьсан. Аймгийн Засаг дарга аймгийн ГХБХБ-ын мэргэжилтнүүдийг аймгаас дуудаж дахин хэмжилт хийлгэн, иргэдийн энэ асуудлыг шуурхай, хуулийн хүрээнд хурдан шийдэж өгөх үүргийг өгч ажиллуулсан. Малчдын бас нэг тавьж байгаа асуудал бол сүү хөргүүртэй болгож өгөөч гэсэн хүсэлт байлаа. Орхонтуул сумын Рашаант багийн сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд гал зуухны асуудал хүндрэлтэй, Одоо болтол халуун тогоо ашиглаж байгаа аж. Мөн сургуулийн хүүхдүүд ширээ сандалын хүрэлцээ байхгүй, 1979 оны ширээ сандал ашиглаж, засвар огт хийгдээгүй байгааг уламжилсан. Энэ асуудлыг аймгийн дарга анхааралдаа авсан гэдгээ хэлсэн. Энэ удаа эдгээр сумдад ажиллахдаа хамгийн асуудал татсан ногоочдын газрын асуудал, малчдын бэлчээрийн маргааны асуудлыг аймгийн дарга газар дээр нь шийдвэрлэсэн.