Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

5-р сарын 9-ний өдөр бол Монгол-Оросын ард түмний хувьд хэзээ ч мартаж үл болом, түүхэн өдөр билээ. Энэ жил Аугаа их Эх орны дайны Ялалтын 71 жилийн ой тохиож байна. Энэхүү Аугаа их ялалтын баярыг угтан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа Алтанбулаг суманд боллоо.

Монгол Зөвлөлт хоёр улсын байгуулсан гавъяа, Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн баярыг угтаж Алтанбулаг суман дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нэгэн цагт Монгол, Оросын цэрэг дайчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, цус урсгасан дайнд ялалт байгуулсан бөгөөд тэдний ялалтыг мөнхжүүлэх, үрэгдсэн цэрэг дайчдаа санан дурсах үүднээс хөшөө босгон хүндэтгэл үзүүлдэг болсон билээ. Энэхүү уламжлалын дагуу энэ сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Д.А.Цыденишиевич , дэд консул С.Н.Чужаев болон Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид, нутгийн ард иргэд оролцлоо. Аугаа их ялалтыг авчрахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж, "Хувьсгалт монгол” танкын цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж байсныг тэд өнөөдөр нэхэн дурслаа. Эдүгээ 71 жил улиран өнгөрсөн ч энэ ялалтыг бий болгоход амь насаа зориулсан баатарлаг дайчдаа үл мартан гэгээн дурсгалыг нь хамтдаа хүндэтгэж байна. Эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ хайрлахгүй тэмцсэн баатарлаг хөвгүүд, охидынхоо гэгээн дурсгалыг эх орон ард түмэн, хойч үеийнхэн чинь үеийн үед санаж, дурсаж, мөнхжүүлэх болно. Олон жилийн түүхтэй Монгол, Оросын ард түмний найрамдал үүрд мандан бадраг гэж ёслолын арга хэмжээний үеэр үг хэлсэн хүн бүр онцолж байв. Мөн энэ үеэр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа ерөнхий консул Д.А.Цыденишиевич ярихдаа, Зөвлөлт дайчдын ялалтыг хүндэтгэн босгосон Алтанбулаг сум дахь энэхүү хөшөөг арчилж, хамгаалж буй Сэлэнгэ аймгийн удирдлага, Алтанбулаг сумын удирдлагад талархаж буйгаа илэрхийлээд ялалтын баярыг монголчууд жил бүр ёслол төгөлдөр, сайхан тэмдэглэж ирдэгт баярлаж явдаг хэмээн хэллээ. Зочид, төлөөлөгчид Алтанбулаг сум дахь нэр нь үл мэдэгдэх Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.