Төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрт зорилтот бүлгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлэх гэж буй “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” нь төслийн үйл ажиллагаа өнөөдрөөс Сэлэнгэ аймагт эхэлж байна.

 

Энэхүү төсөл нь улсын хэмжээнд 10 аймаг, 3 дүүргийг сонгон хэрэгжүүлэх бөгөөд Сэлэнгэ аймаг багтаж байгаа ажээ. Уг төсөл нь эрүүл мэнд, боловсролын салбарт болон зорилтот бүлгийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд голлон үйл ажиллагаагаа чиглүүлэх юм байна. Иргэний нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь иргэдээс болон иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл олон нийтийн үүсгэл санаачлагууд нэгдэж байж, төрд тодорхой хэмжээний хариуцлага тооцох, мөн төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, төрөөс гарах шийдвэрт оролцох оролцоог нэмэгдүүлэхийг хэлж байгаа гэнэ. Ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн дуу хоолой нийгмийн аль ч салбарын шийдвэрт нөлөөлж чадахгүй үлддэг байна. Энэ байдлыг Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагаас судалж үзээд эдгээр иргэдийг төрийн үйл ажиллагаанд оролцуулах, өөрсдийнх нь оролцоог нь хангах, шийдвэр гаргахад нь эдний дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Ялангуяа нэн түрүүнд төрөөс үзүүлж байгаа эрүүл мэнд, боловсролын үйл ажиллагаанд төслийн зорилгоо чиглүүлэх аж. Иймээс энэ салбарт иргэдийн оролцоог хэрхэн гаргах вэ? Иргэдийн нийгмийн байгууллагууд иргэдээ хэрхэн дуу хоолойг нь хүргэх тал дээр ажиллах талаар туслийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэх юм байна. Уг төсөл 4 жилийн хугацаанд хэрэгжээд 2019 онд дуусах аж. Энэ хугацаанд Сэлэнгэ аймагт нэлээд өөрчлөлт гарсан байх, төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрт иргэдийн оролцоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн, ахиц дэвшил гарсан, эргээд иргэдийн болоод өрхийн амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байна гэж итгэн харж байгаагаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан хэллээ. Төслийн анхны сургалтанд Сэлэнгэ аймгийн 17 сумын ЗДТГ-ын дарга нар, тосгодын дарга нар, сургуулийн захирлууд, нийгмийн ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.