84 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэсэн

2016 оны 1 дүгээр улиралд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал.

Аймгийн төр, захиргааны байгууллага, албан тушаалтанд иргэдээс гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн 2016 оны 1 дүгээр улирлын тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн маягтын дагуу гаргаж дүнг нэгтгэлээ. Тайлангийн улиралд ирүүлсэн нийт 5817 өргөдөл гомдол гаргаж ирүүлснээс 5180 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, биелэлт 89 хувьтай гарлаа. Шийдвэрлэх шатанд 575 өргөдөл гомдол байна.

Иргэдээс 5440 өргөдөл гомдлыг бичгээр гаргаж ирүүлсэн бол Засгийн газрын “11 11 төв”-өөр дамжуулан 25 санал хүсэлтийг гаргасан байна. Аймгийн болон сумдын Засаг даргын Тамгын газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах утсанд 64 санал шүүмжлэл гаргасан байна. Мөн иргэдтэй хийсэн уулзалт, хурал цуглааны үеэр 19 иргэн санал хүсэлтээ гаргасан бол биеэр 263 иргэн хандаж, санал хүсэлтээ гаргасан байна.

Тайлангийн хугацаанд аймгийн Засаг даргад болон Засаг даргын Тамгын газарт 125 өргөдөл гомдол ирүүлснээс 84 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэсэн бөгөөд хугацаа болоогүй 34 өргөдөл гомдол байна. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах утсанд 23 иргэн хандсан бөгөөд эдгээрийн 14 санал хүсэлтийг шийдвэрлээд байна.

Ирүүлж байгаа өргөдөл гомдлын дийлэнх хувийг эзэлж буй асуудлыг дурьдвал:

Нийгмийн халамжийн талаар – 2193   37.6 хувь, Газрын харилцааны талаар – 1007  17.3 хувь, Нийгмийн даатгалын талаар – 454  7.8 хувь, бусад асуудлаар – 2163   37.1 хувь тус тус байна.

Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн өргөдөл гомдлын тодорхой хувийг төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх гомдлууд эзэлж байна. Тэдгээр гомдлын дийлэнх хувийг Сүхбаатар, Сайхан, Түшиг сумдын иргэдээс гаргасан бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан шийдвэр, төрийн ажил үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал гаргаж байгаа тухай гомдлуудыг ирүүлсэн байна. Түүнчлэн Зүүнбүрэн сумын иргэдээс 2015, 2016 онуудад Соёлын төв, цэцэрлэгийн эрхлэгч нарын талаарх гомдлуудыг гаргаж байсан. Сүхбаатар хотын иргэдээс төвлөрсөн дулаан хангамжийн талаар удаа дараалан гомдол гаргаж байсан бөгөөд энэ талаар “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын удирдлагуудад тухай бүрд утсаар албан бичгээр мэдэгдэж байсан.

Сүүлийн үед иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах утсанд“Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Сэлэнгэ салбараас цахилгааны төлбөрийг бичихдээ сар бүр харилцан адилгүй бичиж, үйлчилгээний чанар хангалтгүй байгаа талаарх гомдлыг удаа дараа гаргаж байна. Мөн татварын буцаан олголтыг хэдийд олгох тухай болон шинээр өмчлүүлсэн газруудад дэд бүтцийн ажил хийгдэх эсэх талаар тодруулга авахыг хүссэн хүсэлтийг иргэдээс гаргаж байна.