Сэлэнгэ олон улсын худалдааны төв, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийлээ

Өнөөдөр буюу Зуны эхэн сарын шинийн 15-ний дашнямтай бэлэгт сайн өдрийг сонгон Сэлэнгэ аймгийн ард түмэнд “Сэлэнгэ Олон Улсын Худалдааны төв”-ийн нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.

Энэхүү ёслолд ЗГХЭГ-ыг дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс Сэлэнгэ аймгийн иргэд, төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Энэхүү Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор нийт 300 гаруйиргэн тохилог ажлын байртай болохоос гадна Төрийн үйлчилгээний нэгдсэн төв буюу нэг цонхны үйлчилгээ худалдааны төв дээр байрлаж байгаа нь онцлогтой юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:”Бид зуны эхэн сарын шинийн 15-ний бэлэгт сайн өдөр худалдааны төвөө ашиглалтанд оруулж байна. Энэ маань олон улсын буюу Улаанбаатар хүртэлх босоо тэнхлэгийн зам дагуу байрласанаараа өндөр ач холбогдолтой юм. Нөгөө талаас Сэлэнгэ аймагт 300 гаруй ажлын байр бий болгосон томоохон худалдааны төв анх удаа ашиглалтанд орж байна. Нийтдээ 300-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч байгаа. Дээр нь аймаг өөрөө 300 сая орчим төгрөг гаргаад энэхүү сайхан Олон улсын худалдааны төвөө ашиглалтанд орууллаа. Бид дулааны асуудлаа өргөтгөөд дотор нь байгаа тавилга, лангууны асуудлыг иж бүрэн шийдэж өгсөн. Харин өнөөдөр манай иргэд өөрсдөө зүгээр л орж ирээд ажил үйлчилгээгээ эрхлэх боломжтой төв нээгдлээ. Ерөнхийдөө бид иргэдээрээ төрийн үйлчилгээг үнэлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Сүхбаатар сумандаа 40 гаруй чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нэг цонхны үйлчилгээг нээн ажиллуулж байсан. Харин одоо бүр өргөжүүлээд аймгийн хэмжээнд бүх лавлагааг эндээс авна. Иргэд маань төрийн албан дээр очиж дугаарлаж цагаа алдахгүйгээр худалдаа арилжаа хийнгээ эндээс өөрт шаардлагатай төрийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Энд нийтдээ 75-76 төрийн үйлчилгээг Угтах үйлчилгээнээс эхэлж, даатгал, Автотээврийн үндэсний төвийн салбар, Эрх зүйн туслалцааны төв, Нотиарат, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэл, статистикийн газар гээд бүх төрлийн үйлчилгээг авдаг иж бүрэн үйлчилгээг орон байр, цахим нөхцөл, хүний нөөцийг нь иж бүрэн шийдээд ажиглалтанд оруулж байна. Сүүлийн үед “Сэлэнгэд үйлдвэрлэв” гэдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах нь манай гол зорилго байлаа. Энэ утгаар томоохон арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ ерөөсөө энэ босоо тэнхлэгийн зам дагуу худалдааны төвөө байрлуулах нь оновчтой юм байна гэдгийг харсан. Энэ замаар хойшоо ОХУ, урагшаа Улаанбаатар болон бусад аймаг хотуудад явж байгаа зорчигчид ердөө 10–аадхан метр хазайгаад орох ийм сайхан байрлалтай. Энд хүнсний 100-аад лангуу, барааны 140 орчим лангуу, дээр нь гоо сайхан, бэлэг дурсгал гээд соёлын үйлчилгээний 20-иод лангуу байна.

Мөн банк, эмийн сан гээд бусад үйлчилгээний 15 аж ахуйн нэгж байрлана. Түүнчлэн энд ажиллаж байгаа хүмүүс нэмэгдээд нийтдээ 300 гаруй ажлын байр энд бий болж байна” хэмээлээ. Мөн аймгийн Хөгжлийн бодлогын хэтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан:”Намайг анх Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын ажлыг авч байх үед хөрөнгө нь дутсан, царцаагдсан гэсэн 10-аад барилга Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа нь зогссон байлаа. Үүний нэг нь өнөөдөр ашиглалтанд орж байгаа Худалдааны төвийн барилга байлаа. Бид энэхүү зогссон барилгын бүтээн байгуулалтыг цааш нь үргэлжлүүлэх гэж нэлээд ажил, ач холбогдол өгч ажилласан. Өөрөөр хэлбэл хийж байсан компани нь хаяад явчихсан, өөр компанид шилжүүлсэн, авлигатай тэмцэх газраас шалгасан гээд нэлээд асуудалтай барилгын нэг байлаа. Манай хэлтсийн мэргэжилтнүүд, барилга хот байгуулалтын газар, манай аймгийн удирдлагууд нэлээд хөөцөлдөж, цааш нь УИХ-ын гишүүддээ хандаж хөрөнгө мөнгийг нь нэмүүлж байгаад өнөөдрийн энэ боломжийг олсон юм. Энэ өнөөдөр зөвхөн ашиглалтанд ороод зогсохгүй. Цаашид хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Тухайлбал машины зогсоолыг өргөтгөнө, хүмүүс бараагаа хадгалах агуулах савыг нэмж барина. Үргэлжлүүлээд аймаг болон улсын хөрөнгө оруулалтаар худалдааны төвөө улам сайхан өргөжүүлж сайхан болгоно. Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн тооцоонд оруулж явуулах бодлого барина” хэмээн ярилаа. Энэ үеэр захын худалдаа эрхлэгч нар сэтгэл өндөр, тааламжтай саруулхан орчинд орж ирсэнээ баяртай байгаагаа илэрхийлж байлааа. Мөн 20-иод жил худалдаа эрхэлж байгаа иргэн Д.Балжинням, Б.Буян-Орших нарт худалдаа эрхлэх үйлчилгээний нэг жилийн эрх бэлэглэлээ. Түүнчлэн 15 дахь жилдээ загасны бизнес эрхэлж, худалдан боруулалт хийж байгаа У.Сайнзаяа Монгол Улсын Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдлаа. Мөн түрээслэгч Д.Баднаагарав, Ч.Баь-Очир, Ө.Жаргалсайхан нарыг аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр урамшуулан шагналаа.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт:”Өнөөдөр зөвхөн Олон улсын худалдааны төв ашиглалтанд ороод зогсохгүй төрийн нэг цэгийн үйлчилгээ ашиглалтанд орж байна. Монгол улс орон даяар нийслэл, бүх аймгийн төвүүдэд төрийн үйлчилгээг иргэд нэг дороос шууд авдаг ийм боломжийг нээж байгаа. Монгол Улсын 21 аймаг, Уланбаатар хотод 6-р сарын 1-ний өдөр гэхэд энэ үйлчилгээний нэгдсэн төвөө нээх юм. Өнөөдрийн энэ нэгдсэн бүтээн байгуулалтыг бүрдүүлэхэд тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат дарга, С.Бүрэнбат дарга, Ж.Санжжав дарга, Н.Батдорж дарга нар маш их үүрэг гүйцэтгэсэн. Манай иргэд маш олон жил дулаахан, тохилог, соёлтой, орчин сайхан худалдааны төвтэй больё гэдэг хүсэлт тавьж байсан. Ингээд 2010 оны төсөвт анх удаа төрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар худалдааны төвийн байгуулах ажил ганцхан Сэлэнгэ аймагт хэрэгжсэн. Удахгүй бид усан бассейныхаа нээлтийн үйл ажиллагааг хийнэ” хэмээн хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:”Газраа авахаас эхлээд энэхүү худалдааны төвийг барьж байгуулахад хүндрэл бэрхшээл их байсан. Яагаад гэвэл манай Сэлэнгэ Сүхбаатар хот бол урдуураа голтой, араараа уулаар хүрээлэгдсэн, газар нутаг багатай шүү дээ. Аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлж байсан ажлуудын маань зарим нь өнөөдөр хэрэгжээд явж байгаад баятай байна. Энэ худалдааны төв маань эрүүл орчин, дээр нь гадаад дотоод худалдааг өргөжүүлэх том боломжийг нээсэн төв байх болно” хэмээлээ. Өнөөдрийн шинэ цогц төвийн маань анхны үйлчлүүлэгч шинээр мэндэлсэн Д.Хүслэн хүүгийн төрсний гэрчилгээ, 16 нас хүрч иргэний үнэмлэх гардаж байгаа бяцхан иргэдийнхээ үнэмлэхийг гардуулах ажиллагаа мөн боллоо.