Номын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Сэлэнгэ аймаг номын баярыг “Ном бол оюун ухааны тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Ном” дэд хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн хичээлийн жилд “Ном” хөтөлбөрийн комисс байгуулан хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажилласан бол энэ хичээлийн жилд өмнөх оны хөтөлбөрийн хэрэгжилтэнд тулгуурлан хүүхдийн хүсэл, сонирхол, тэдний зайлшгүй хөгжих шаардлагатай чиглэлд үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж юм. 2013-2014 оны хичээлийн жилд аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгүүдийн дунд ном унших тэмүүлэл төрүүлсэн, номыг бүтээлчээр унших шинэлэг арга зүйг эзэмшүүлсэн, ном унших шилдэг аргыг түгээн дэлгэрүүлсэн олон ажил арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд үзүүлэлт болгон дүгнэлээ. “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч шилдэг сургууль”-аар Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 4-р сургууль, Сүхбаатар сумын 2-р цэцэрлэг, “Номын анд” шилдэг сургуулиар Сүхбаатар сумын ЕББД 3-р сургууль, Орхон сумын 12-р цэцэрлэг, “Ном унших шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлэгч” сургуулиар Жавхлант сумын ЕББД сургууль, Баянгол сумын 21-р цэцэрлэг шалгарлаа. Энэ баярын үеэр Мандал сумын 3-р сургуулийн номын санч Ч.Отгонбаяр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.