Аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тасаг нээгдлээ

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тасаг шинээр нээгдлээ. Энэ нь аймгийн эрүүл мэндийн салбарт бичигдэх нэгэн шинэ хуудас юм. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын эрс тэс байдал, хоол хүнс гээд олон зүйлээс шалтгаалж бөөрний дутагдалд орох өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдэх болсон. Эцсийн шатанд орсон өвчтнүүдийн амь насыг нь аврахын тулд бөөр орлуулах эмчилгээ хийдэг. Тус эмчилгээг хийдэг аппарт улсын хэмжээнд 65 байгаагийн хоёр нь Сэлэнгэ аймагт байршуулагдаж байгааNipro SU 18, Nipro хэмээх аппаратууд. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гемодиализийн тасаг их эмч н.Цацрал, техникч н.Ууганбаяр, сувилагч н.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн 13 иргэн нийслэл хотноо улсын болон хувийн эмнэлгүүдэд бөөр орлуулах аппаратанд орж байгаад 3 хүн нь нас барсан байна. Тэдгээр хүмүүс ажил амьдралаа хотруу шилжүүлж, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд ордог тухай ярьж байна. Ийм хүмүүсийн нэг Сүхбаатар сумын 7-р багийн иргэн Т.Сүлдбаатарын санаачлагаар аймгийн Засаг дарга, Айвико компани, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр тус тасаг нээгдлээ.

Нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ:-“Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжээд 2 жил болж байгаа хугацаанд Нэгдсэн эмнэлэг дээрээ бид 4 дэх удаагийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна. Бид нар нийгмийн салбартаа тэр тусмаа хүн ардынхаа эрүүл мэнд, амар тайван амьдралын төлөө өдөр шөнөгүй ажилладаг нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тогтворжуулж, хүн ардынхаа эрэлт хэрэгцээг хангахын тулд хичээн зүтгэсний үр дүнд дурангийн хагалгаа, иж бүрэн оношлогооны төв, шинэ халдвартын эмнэлгийн үүд хаалгыг нээсэн. Өнөөдөр бас нэгэн онцгой өдөр тохиож байна. Одоогоос жил гаруйн өмнө Сүхбаатар сумын иргэн Т.Сүлдбаатар энэ өвчний тухай, хэрхэн яаж эмчилгээнд ордог тухай, ээлж дарааллаа хэрхэн хүлээдэг, эдгээр хүмүүсийн ар амьдрал нь ямар байдаг талаар дэлгэрэнгүй ярьж ярилцсан юм. Үүнээс хойш Т.Сүлдбаатартай 3 удаа уулзсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийг нийгмийн хөгжлийн хэлтэстээ үүрэг болгосон. Миний хувьд эрүүл мэндийн сайд, дэд сайдтай тус бүр уулзсан. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн байдлаар бусад аймгуудад байхгүй үйлчилгээг явуулж чадах болсондоо сэтгэл хангалуун байна. Бидэнтэй хамтарч ажилласан Айвико компани, ЭМЯ, манай эмч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн хамт олонд нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье” гэлээ.