Бид эрүүл мэндийн цогц бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна

Аймгийн боловсролын газрын дарга Д.Загдгочоо:

Бид эрүүл мэндийн цогц бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна

Өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтаасаа хуваалцахгүй юу?

Өнгөрсөн хичээлийн жилд манай аймгийн сургууль, цэцэрлэгүүд, багш нар, боловсролын салбар маань нилээд их амжилт бүтээлтэй ажилласан. Үндэсний шинэ сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. МУЗГ-аас боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн олон бодлогуудыг амжилттай сайн хэрэгжүүлж байна. Багшийн хөгжил хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж үйл ажиллагаагаа аймаг, улсдаа сурталчилсан. Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын салбарт 4 зүйл дээр анхаарлаа хандуулж ажилласан. “Цахим сургалт-цахим сургууль” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулж, хагас тэрбум орчим төгрөгийг аймаг орон нутгаасаа зарцуулж компьютержүүлэх, өндөр хурдны интернетэд холбох ажлыг эхлүүлээ. Бүх сургууль, цэцэрлэгүүдээ автобустай болгох ажлыг аймгуудаас анх удаа зохион байгуулж байна. Авьяас хөтөлбөрийн хүрээнд аймгаараа шатарчин болох хөдөлгөөнийг өрнүүлж аймгийнхаа брэнд ажил болголоо. МУ-д анх удаа Сэлэнгэ аймаг 1200 орчим шатарчин хүүхдүүдийг хамруулсан “Ирээдүйн их мастерууд” арга хэмжээг зохион байгуулсан. Мөн эко сургууль, цэцэрлэг болох хөдөлгөөн өрнүүллээ. “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнд манай сургууль, цэцэрлэгүүд маш амжилттай оролцсон. Манай аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн улсдаа ялгарах онцлог бол сургууль цэцэрлэгийн орчин дахь эрүүл мэндийн багц бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа явдал. Энэ бодлогын хүрээнд сургууль, цэцэрлэгийг эмчтэй болгосон. Үдийн цай болон сургууль цэцэрлэгийн хоол хүнсний асуудал дээр онцгой анхаарч ажилладаг. Хүүхдийг багаас нь эрүүл чийрэг өсгөх үүднээс эцэг эх, олон нийт, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч эрүүл мэндийн карт хөтөлдөг болсон. Эрүүл мэндийн олимпиадыг аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Энэ нь хүүхдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл өсч бойжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой.

Боловсролын салбарынхан маань нэгдсэн сургалт, бага хурлаа хийлээ. Энэ хурлаас гарсан шийдвэр болоод шинэ хичээлийн жилийн онцлогийг тодорхойлвол...?

Шинэ хичээлийн жил бол бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх онцлогтой жил. Мөн хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх үйл ажиллагааг ч үргэлжлэн явуулна. Энэ бүхний хүрээнд Сэлэнгэ аймаг 21 зорилтыг багш нарынхаа бага хурлаар хэлэлцэж баталлаа. Энэ хичээлийн жилд эцэг эх, олон нийтийн оролцоог боловсролын байгууллагад нилээд түлхүү тавьж ажиллах болсон маань нэг онцлог.

Энэ жил 1-р ангид хичнээн хүүхэд хамрагдаж байна. 6 настангуудыг хүлээж авах орчин нөхцөлд хэрхэн анхаарсан бэ?

6 настай 2000 орчим хүүхэд шинээр 1-р ангид элсэн орж байгаа. 6 настангуудыг сургуулийн орчинд хүлээж авах бүхий л орчинг боломжийн хэмжээнд хангасан. Ялангуяа хөдөөгийн сургуулийн дотуур байранд 6 настай хүүхдийг хэрхэн яаж хүлээж авах, дотуур байрны багш яаж харах, хэнтэй амьдруулах, хооллох горим, 00-д оруулахаас эхлээд бүх орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Манай аймгийн 6 настангуудаа авч байгаа байдал болон тэдэнд зориулж зохион байгуулж байгаа ажлыг яамны түвшинд үнэлж бусад аймгуудад нэвтрүүлж болох юм байна гэж үзэж байгаа. Бид аль болох гэрийн нөхцөлрүү нь чиглэсэн боломжийн орчинг бүрдүүлсэн. Санаа зовох зүйл байхгүй.

Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн тухайд...?

Хүүхдийн цэцэрлэгийн тухайд аймгийн төв Сүхбаатар хотын зарим багуудад нилээд ачаалалтай байна. Тэгэхдээ бид цэцэрлэгүүддээ улсаас нэг хүүхдэд батлагдаж ирсэн тэр мөнгөнд нь багтаагаад аль болох хүүхэд үлдээхгүйгээр нормоо хэтрүүлж авах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил ч бас ингэж ажилласан.

Цаашид аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээ шаардлага хэр их байна вэ?

Байлгүй яахав. Хүн ам, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо жил ирэх бүр өсч байна. Бид нарийн судалгаа, төлөвлөгөөний дагуу ажлаа явуулдаг. 2015, 2016 онд шинээр барих сургууль цэцэрлэгийнхээ судалгааг гаргаад, өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль журмын хүрээнд холбогдох газраар дамжуулаад их хуралд саналаа хүргүүлчихсэн байгаа. Энэ хичээлийн жилд Шаамар сумын төвд 2 цэцэрлэгийн барилга, Мандал сумын төвд болон Үнэгтийн багт шинэ хичээлийн байрны өргөтөл шинээр ашиглалтанд орж байна. Цаашид Сант суманд сургуулийн барилга, Сайхан сумын Хөтөл хот, Ерөө сумын Бугант тосгонд сурагчийн дотуур байр барих зэрэг хэрэгцээ шаардлага бий.

Бага ангийн шинэчилсэн хөтөлбөрийн онцлог нь юу байгаа вэ?

2012 оноос хойш боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил бол үндэсний хөтөлбөр. Монгол хүүхдийг сургах монгол үндэсний сургалтын хөтөлбөрийг хийж байгаа. Үүний нэг хэсэг нь бага боловсролын үндэсний шинэчилсэн хөтөлбөр юм. Тиймээс бид монгол хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлог, монгол ахуйд нь тохирсон хөтөлбөрийг гаргаснаар үүнийгээ дагаж ном сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн заах арга барил өөрчлөгдөж байна. Гол онцлог нь бол Монгол хүүхдийг сургахад чиглэсэн. Дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын агуулгаас авах юмаа авч монгол хүүхдийг сургах үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлж байгаагаараа онцлогтой.

Энэ жил аймгийн хэмжээнд хичнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна вэ?

Энэ хичээлийн жилд манай аймгийн 35 сургуульд 18000 орчим суралцагч, 34 цэцэрлэгт 10000 орчим хүүхэд суралцахаар байна. Шинэ хичээлийн жилд манай аймгийн сургууль, цэцэрлэгүүд бэлэн, багш нарын хүрэлцээ хангамж бүрэн хангагдсан.