Эрүүл мэндийн жагсаал боллоо

Сүхбаатар хотод “Эрүүл амьдарч ихийг бүтээцгээе” уриатай эрүүл мэндийн жагсаал боллоо. Сэлэнгэ аймгийн Залуу эмч нарын холбоо, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ивээн тэтгэлгээр тус арга хэмжээг зохион байгуулсан. Сэлэнгэ аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд аймгийн төр төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 23 байгууллага, иргэд оролцсон. Оролцогч баг бүр хүний биеийн эрхтэнийг сонгон авч түүнийхээ онцлогийг харуулсан сонин содон жагсаалыг үзүүлж, тухайн эрхтэнээ эрүүл байлгахыг уриалж байв.

Энэ үеэр Партизаны талбай дээр эрүүл мэндийн хотхон байгуулагдаж, иргэдэд биеийн жингийн индексийг тодорхойлох, цусан дахь сахар тодорхойлох, артерийн даралт үзэх, нүдний хараа шалгах зэргээр зөвлөгөө өгч байлаа. Оролцогч багуудын дунд хөгжим бүжгийн дасгалын гүйцэтгэлийг шалгаруулах, тусгай даавуун дээр лайк гарын алгаар даруулах, хүслийн шаар хөөргөх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Мөн худалдаа үйлчилгээний цэгүүд ажиллаж оролцогчдод үйлчилэхийн зэрэгцээ амьд хөгжмийн хамтлагийн аялгуу эгшигтэй үдшийн цэнгүүн зохион байгуулагдлаа. Ийнхүү Сэлэнгэ аймгийн залуу эмч нарын санаачилсан ажил олон нийтэд нийцсэн сайхан арга хэмжээ боллоо.