СҮХБААТАР СУМЫН 4-р БАГИЙН АЙЛ ӨРХ БҮРТ ХҮРЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Аймгийн Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар сумын 4-р баг, “Номтхан” өрхийн эмнэлэг, ”Ахмадын хороотой хамтран ”Эрүүл амьдралын төлөө хамтдаа” сэдэвт сургалт өдөрлөгийг Сүхбаатар сумын Баянханы 4-р баг дээр 05-р сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулан явуулж байна.

Монгол улсын засгийн газрын 156, 416-р тогтоолоор батлагдсан “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, настнуудын гаргасан санаачлагыг дэмжин тэдний оролцоотойгоор Сүхбаатар сумын 4-р багийн иргэдэд, ялангуяа гэрийн ажилтай хүмүүсийг эрүүл мэндийн өдөрлөг, сурталчилгаанд оролцуулах, иргэд болон настнуудад эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд энэхүү арга хэмжээ чиглэгдэж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд:

-ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Номтхан өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтний 3 баг, Сүхбаатар сумын 4-р багийн айл өрх бүрт хүрч үйлчлэн эрүүл мэнд, эрүүл аж төрөх зан үйл, эх хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээлэл сурталчилгаа хийж, санал сэтгэгдлийг нь авах

-4-р багийн айл өрх бүрээр орж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд, хэвтрийн хүмүүст гэрээр нь үйлчлэн сувилахуйн тусламжийг үзүүлж, шаардлагатай тохиолдолд эмч нарийн багийг дуудаж үзүүлэн, ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөх

-Багийн өрх бүрт орчны эрүүл мэндийн зөвлөгөө өгч, хашаа, гудамжинд их цэвэрлэгээ хийлгэх

-“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд иргэд, настнуудын үүрэг оролцоо” сэдэвт сургалт, өдөрлөгийг багийн нийт иргэдэд зориулж зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ.

Сургалт, өдөрлөгийн үр дүнд “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-н талаар 4-р багийн иргэд тодорхой мэдлэгтэй болж, нийт иргэд, настнуудын эрүүл мэндийнхээ асуудалд хандах, хандлага, оролцоо, идэвхи сайжрах юм.

Мөн энэ үеэр “Цэвэр гудамж-Эрүүл орчин” бүх нийтийн цэвэрлэгээг “Эрүүл мэндийг дэмжигч айл өрх” уриатайгаар 5-р сарын 02-03-ны өдөр зохион байгуулан явууллаа.

.

ЭМГ-ийн МЭРГЭЖИЛТЭН 4-р БАГ 2-р ХЭСГИЙН

АЖЛЫН БАГИЙН ГИШҮҮН Ц. ДАРЬСҮРЭН