"Ажлын байр-амьдрах ухаан" хөтөлбөрт хэлэлцүүлэг хийнэ.

АЖЛЫН БАЙР -АМЬДРАХ УХААН ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэл

Аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт 6000-аас доошгүй шинэ ажлын байр бий болгох зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд аймгийн нийгмийн хамгааллын салбарын уялдааг хангах, иргэдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг өргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ”Ажлын байр- амьдрах ухаан“ хөтөлбөрийг боловсруулсан болно.

 

Сэлэнгэ аймгийн 17 сум , 56 багийн 29416 өрхөд 104282 иргэн амьдарч байгаа бөгөөд нийт өрхийн 49.6% буюу 14590 өрх хөдөө орон нутагт амьдарч байна.

 

Аймгийн нийт хүн амын 65.4 хувь буюу 68191 хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.

Ажил эрхлэлтийн бүтцийг авч үзвэл нийт ажиллагсадын 47,0 хувь буюу 21075 нь албан секторт албан бус секторт 23009 иргэн хувиараа хөдөлмөр эрхлэх буюу өрхийн аж ахуй эрхэлж байна.

Аймгийн хэмжээгээр бүртгэлтэй ажилгүйчүүд 2012 оны жилийн эцсийн байдлаар 687 байсан бол хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлэн, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн тоо 2013 оны жилийн эцсийн байдлаар 2628 ажлын байранд 2037 иргэн ажилд зуучлагдан, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 842 боллоо.

Хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, ажилгүйдэл, орлогын хүрэлцээгүй байдлыг бууруулах, ажилгүй иргэдийг ажлын байраар ханган, орлого бий болгох үйл ажиллагаанд оролцуулах, ажилгүйдлийн нийгэмд үзүүлж буй сөрөг үр дагаврыг бууруулахад энэхүү хөтөлбөр чиглэгдэнэ.

щХөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн бодлого, үйл ажиллагааг үйлдвэржилт, бүтээн байгуулалттай уялдуулан ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн хөгжүүлэх, ажиллах хүчний оролцоог боломжит түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын баримт бичиг болно.

Хоёр. Хөтөлбөрийн баримтлах зарчим

2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

 

2.1.1. Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай олон улсын 22 дугаар конвенцид нийцүүлэн хүн бүрт хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх суурь зарчмыг мөрдлөг болгох;

 

2.1.2. Ажлын байранд хүн бүр аливаа ялгаварлалгүй, адил, тэгш ажиллах боломжийг бүрдүүлэх замаар хөдөлмөрийн харилцааны тэгш бус байдлыг багасгах;

 

2.1.3. Эдийн засгийн салбарууд болон төрийн бүх шатны байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр, нийгмийн зөвшилцөл,  төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан идэвхтэй оролцоог хангах;

 

2.1.4. Ажлын байр бий болгоход эдийн засаг, санхүүгийн нөөцийг уялдуулан зарцуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлдвэржилтийн бодлогод нийцсэн байх

Гурав. Хөтөлбөрийн зорилго хугацаа

3.1. Төр-хувийн хэвшлийн түншлэл, иргэд өөртөө ажлын байр бий болгох санаачлагад тулгуурласан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг бусад салбарын бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх замаар шинэ ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

 

3.2. Хөтөлбөрийг 2014 оноос эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

 

3.3 Хөтөлбөрийн зорилтууд:

 

3.3.1 Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлнэ.

3.3.2 Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн чиглэлээр амьдрах ухааны сургалтыг шат дараалалтайгаар зохион байгуулж, амьдрах ухаанд сургах нөхцлийг бүрдүүлнэ.

3.3.3 Хөдөлмөрийн зах зээлд нэн эрэлттэй салбар чиглэлээр амьдрах ухааны сургалтыг шат дараатай зохион байгуулж амьдрах ухаанд суралцуулна.

Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлнэ.

4.1.1. Ажилгүйдэл ядуурлыг бууруулахад амжилт гаргасан сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг урамшуулах журмыг шинэчилж боловсруулан хэрэгжүүлэх ;

4.1.2. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэх замаар ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын шинэ байраар 12 сараас дээш хугацаагаар хангасан, ажлын байр тогтвортой хадгалсан тохиолдолд ажил олгогчид урамшуулал олгох;

4.1.3. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

4.1.4. Жижиг, дунд үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулсан иргэд, малчдад үзүүлэх зээл, санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх;

4.1.5. Жижиг, дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нөхөрлөл, бүлгийн зохион байгуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх ;

4.1.6. Ахуйн үйлчилгээний төвүүдийг бүх сумдад байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;

4.1.7. Жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах, технологи нэвтрүүлэхэд зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

4.1.8. Сумдад ХАА-н биржийн анхан шатны нэгж байгуулахад дэмжлэг үзүүлэх;

4.2. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн чиглэлээр амьдрах ухааны сургалтыг шат дараалалтайгаар зохион байгуулж, амьдрах ухаанд сургах нөхцлийг бүрдүүлнэ.

4.2.1 Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад өөрийн сонирхол, авьяас, ур чадварыг зөв тодорхойлон, хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээлэлд тулгуурлан ажил мэргэжлээ зөв сонгоход туслах замаар мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хүргэх

4.2.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын   хичээл-дадлагын баазыг өргөтгөх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суралцагчдын сурах орчинг сайжруулан чадамжид суурилсан сургалтын тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

4.2.3. Жижиг дунд бизнес эрхлэгч болон иргэдийг аж ахуй эрхлэх, мэргэжил олгох сургалтанд хамруулах;

4.2.4. Жилдээ 15-20 ажил олгогчийн захиалгаар 80-100 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэх

4.2.5. “Насан туршийн боловсрол”-ын төвүүдийг түшиглэн амьдрах ухааны сургалтыг тогтмол зохион байгуулах;

4.2.6. Иргэд ,төр, ТББ, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулсан амьдрах ухаан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах;

Тав. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 

5.1.1. Хөдөлмөрийн насны иргэдийн 55 доошгүйг хувийг ажлын байраар хангасан байна;

 

5.1.2. Хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурсан байна;

 

5.2. Хөтөлбөрийг дараахь үр дүнгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр

хэмжинэ:

 

5.2.1. Бий болсон шинэ ажлын байрны тоо;

 

5.2.2. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо болон ажилд зуучлагдсан иргэдийн тоо;

 

5.2.3.Ажил олгогчдын захиалгаар бэлтгэгдэж ажлын байраар хангагдсан мэргэжилтэй ажилтны тоо, төгсөгчдийн тоонд эзлэх хувь;

 

5.2.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдсан санхүүгийн дэмжлэгийн хэмжээ;

 

5.2.5. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тоо, сум бүрээр;

 

5.2.6. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын   хичээл-дадлагын баазыг өргөтгөх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суралцагчдын сурах орчинг сайжруулсан байдал;

5.2.7. Амьдрах ухаан сургалтанд хамрагдсан хүний тоо;

Зургаа. Удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллана

Долоо: . Хөтөлбөрийн санхүүжилт

7.2.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

7.2.2. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө

7.2.3. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилго бүхий (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мэргэжлийн боловсрол, сургалтын сан, Сум хөгжүүлэх сан болон холбогдох бусад сан)-гийн хөрөнгө

7.2.4. Олон улсын болон хандивлагч орнуудын төсөл, хөтөлбөр, зээл, тусламжийн хөрөнгө

7.2.5. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт

7.2.6. Хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр

7.2.7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусган батлуулж, санхүүжүүлнэ.

Найм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд жил бүр хяналт-шинжилгээ үнэлгээ хийнэ.

8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайланг бүтэн жилээр гаргаж, аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаархи мэдээ, тайланг холбогдох байгууллагууд , олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.

 

----оОо----