“Мэргэжил сонголт-2014” арга хэмжээ Бэлчир бүсээс эхэллээ

“Мэргэжил сонголт” арга хэмжээг манай аймаг 4 дэхь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр манай аймгийн хэмжээнд 1037 хүүхэд мэргэжлээ сонгох цаг мөчид тулж ирээд байгаа. Төгсөгчдөд ус агаар мэт хэрэгтэй байгаа мэдээллийг яам болон их сургуулиудын мэргэжилтнүүд танилцуулж, хүүхдүүд, эцэг эхчүүдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. ““Мэргэжил сонголт-2014” энэ удаагийн арга хэмжээг аймгийн ЗДТГазраас БШУЯ, МУИС, ХААИС, ШУТИС, БҮТөвтэй хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний өдөр Бэлчир бүсээс сургалтын арга хэмжээ эхэллээ.

 

03 дугаар сарын 29-ний өглөө Цагааннуур суманд, үдээс хойш Сүхбаатар суманд сургалтууд болж, 11-р анги төгсөгчид, эцэг эх, багш нар хамрагдлаа. Сургалтанд аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайхан, ахлах мэргэжилтэн Б.Оюун, урилгаар БШУЯамны дээд боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярсайхан, Магадлан итгэмжлэлийн үндэсний төвийн мэргэжилтэн, МОХ-ны тэргүүлэгч Б.Эрдэнэбат, МУИС-ийн сургалт, бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн Д.Мөнхбат, ШУТИС-ийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн И.Бадрах, ХААИС-ийн сургалт, бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн Э.Баярбат болон БНХАУ-ын Эрээн хотын олон улсын их сургуулийн захирал Ялалт, менежер Цог, Улаанбаатар хот дахь төлөөлөгч Давхарбаяр нар оролцлоо. Урилгаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГазарт хандан их дээд сургуульд элсэгч хүүхдүүдээ дэмжиж, мэргэжил сонгох арга хэмжээг 4 дэх ажилдээ амжилттай зохион байгуулан өөрийн “брэнд” болгож чадсанд баярлалаа гэж хэлсэн юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон их дээд сургуульд суралцагчиддаа дэмжлэг үзүүлэн, анхаарч ажилладаг аймаг тэр бүр олон байдаггүй гэдэг үг төлөөлөгчдийн амнаас байнга гарч, үүнийгээ уулзалтууд дээр хэлж байлаа.

Мэргэжлээ сонгох цаг мөчид тулж ирээд байгаа хүүхдүүд маань зарим нэг мэргэжлийг нэр зааж яг ямар ажил хийдэг хүн болохыг, хос мэргэжил хэрхэн эзэмшихийг, МУИС-ийн элсэлтийн журамд өөрчлөлт орсныг, гадаадын их дээд сургуульд ямар шалгуураар хэрхэн сонгогдож болохыг, сургуулиудад ямар тэтгэлэг байдгийг, Төмөр замын болон Батлан хамгаалах сургуульд хэрхэн яаж орохыг, Гаалийн мэргэжлийг яаж эзэмшихийг, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын ялгаа гэх мэт асуултуудыг голчлон асууж, хариултаа авлаа.

“Мэргэжил сонголт” арга хэмжээг зохион байгуулж хэвшсэний үр дүнд Сэлэнгэ аймгийн төгсөгчидийн ерөнхий шалгалтын амжилтын түвшин болон их дээд сургуульд элсэгчдийн тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж, амжилт чанар ахиж байгаа юм.