Хоёр аймгийн багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Конрад-Аденауэр сангийн хөрөнгө оруулалтаар “Баг-Иргэний засаг захиргаа” сургалтыг энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 78 багийн Засаг дарга хамрагдсан. Сургалтын хүрээнд багийн засаг даргын өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого чиглэлд юуг тусгах талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид ямар түвшинд байгаа болон багийн анхдагч нэгжийн хувьд ямар чиг үүрэгтэй ажиллах ёстой вэ гэдэг асуудал нилээд түлхүү яригдсан. Энэ хоёр өдөр төр засагтаа болон орон нутгийн түвшинд багийн үйл ажиллагааг чадавхжуулахад анхаарсан шийдвэрүүд гаргах талаар багийн засаг дарга нар голлон ярьж байв. Орхон аймгийн Баянбулаг сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн 7-р багийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг дарга, багтаа сумын зүгээс юу хийж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, аймгаас юу хийж байгаа талаар Орхон аймгийн ЗДТГазар мэдээлэл өгч, туршлага солилцлоо. Энэ бүхнээс харахад багууд өөр өөрсдийнхөө онцлогт тохируулан боломж нөхцлөө ашиглан чамгүй ажил хийж байгаа нь харагдсан. Сэтгэл гарган мөнгө хөрөнгүйгээр олон ажлыг хийхийг хичээж байгаа болохоор төр засгаас багт тодорхой хэмжээний төсөв санхүүтэй байх асуудлыг шийдвэрлэж өгөхийг бүх түвшинд ярисан. Багуудын хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж, бодлогын томоохон баримт бичиг гарах юм байна. Энэ баримт бичигт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн багийн засаг дарга нар дуу хоолойгоо нэгтгэж, тодорхой асуудлуудаар, саналуудыг тавилаа. Эдгээр асуудлууд тодорхой хэмжээгээр бодлого чиглэлд тусаж, үр дүнгээ өгнө гэдэгт багийн засаг дарга нар итгэлтэй байна.