Аймгийн Нэгдсэн эмнэлэг “Оношлогооны төв”-тэй боллоо

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэндийн яам хөдөөгийн хүн амд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй оношлогоо үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймагт оношлогооны төв байгуулахаар шийдвэрлэсний нэг нь манай аймаг.

Энэ сарын 17-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт анагаах ухааны шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдэд суурилсан “Оношлогооны төв”-ийн нээлт боллоо. Монгол Улсын хэмжээнд нийслэлд л байдаг хүчин чадал бүхий техник технологиор тоноглогдсон “Оношлогооны төв” нийтдээ 19 нэр төрлийн 6 багцын, 1,2 тэрбум төрөгний үнэтэй тоног төхөөрөмжүүдээр хангагдлаа. Лабораторийн 5, дурангийн 5, дижитал эхо, рентген зураг авалтын төхөөрөмж, нүд, чих хамар хоолой зэрэг өндөр технологийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж иргэддээ үйлчлэх гэж байна. Манай аймагт жилд дундажаар 2200-2500 хүн 13-ын “А” маягтаар Улаанбаатар хотруу онош тодруулахаар явдаг байна. Үүнээс 600-700 нь зайлшгүй шаардлагаар 3 дахь шатны лавлагаа төвүүдэд эмчлэгддэг ажээ. Тэгвэл өнөөдөр эдгээр хүмүүс аймагтаа оношлогоо хийлгэх бүрэн боломж бүрдэж, нийслэлийг зорих өвчтөний тоо буурч, өвчтөнд учирдаг олон төрлийн хүндрэл чирэгдэл үгүй болохоор болж байна. Оношлогооны төвийг ажиллуулах бэлтгэл ажлын хүрээнд зүрх судас, чих хамар хоолой, эхо, рентген, нүдний эмчийг богино хугацааны сургалтаар сургаж бэлтгэсэн байна. Цаашид шаардлагатай байгаа эмч мэргэжилтнийг дотоод, гадаадад мэргэшүүлэх асуудлыг зохих газруудад нь тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.