2013 оны Аймгийн шилдэг сумд, агентлагууд тодорлоо

2013 он нь Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацааны гарааны жил байсантай холбогдуулан Шилдэг 3 сум, тусгай 3 сум, шилдэг 3 агентлаг, тусгай 3 агентлаг, шилдэг 3 багийг шалгаруулж, өмнөх жилүүдээс илүү олныг урамшуулахаар шийдвэрлэсэн.

Сумдыг эдийн засгийн чаламж, дэд бүтэц, бүс нутгийн хөгжил, хүн амын тоо зэргийг харгалзан 3 хэсэгт бүлэглэн хувааж дүгнэлээ. 1-р хэсгээс Цагааннуур, 2-р хэсгээс Орхонтуул, 3-р хэсгээс Орхон сумд шилдэгээр шалгарч, Мандал, Шаамар, Сант сумд чиглэл тус бүртээ тусгай байрт орлоо.

Агентлагийг үйл ажиллагааны чиглэл, хариуцсан салбарыг харгалзан 3 салбар хэсэгт хуваан дүгнэлээ.

Төрийн захиргаа, хууль эрх зүйн салбарын шилдгээр Мэргэжлийн хяналтын газар, эдийн засгийн шилдгээр Татварын хэлтэс, Нийгэмийн салбарын шилдгээр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс шалгарч, Онцгой байдлын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс салбар тус бүртээ тусгай байрт шалгарлаа.

Багийн шалгаруулалтанд 7 баг материалаа ирүүлснээс: Баянгол сумын Гонирын 3-р баг, Ерөө сумын Тавин 2-р баг, Алтанбулаг сумын Суваргын 2-р баг эхний байруудад шалгарлаа.

Энэ жилийн шалгаруулалтын үндсэн зарчим нь аймгийн Засаг даргын 2010 оны 359 дүгээр захирамжаар батлагдсан “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх” журмыг удирдлага болгон агентлагуудыг 16 үзүүлэлтээр, сумдыг 5 бүлгийн 59 үзүүлэлтээр, багийн 10 үзүүлэлтээр үнэлж, дүгнэсэн. Ингэхдээ үйл ажиллагааны цар хүрээ, үндсэн чиг үүргээ хэрхэн биелүүлсэн, түүний үр дүн, нийгэм эдийн засагт нөлөөлөх зүйлсийг харгалзан үзсэн. Мөн иргэдээс өгсөн үнэлгээ, “Нээлттэй хаалганы өдөр”-өөр аймгийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалт, сумдын бүтээн байгуулалт зэрэг үзүүлэлтийг гол болгосон.