Аймгийн нэгдсэн эмнэлэг дурангийн мэс заслын тоног төхөөрөмжтэй боллоо

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт одоогоос 20 жилийн өмнө анхны дурангийн оношлогооны аппарат ирж байсан бол 20 жилийн дараа дурангийн мэс заслын тоног төхөөрөмжтэй болж дурангийн хагалгааг аймагтаа хийх боломж бүрдлээ. Манай аймаг дурангийнмэс заслын “Гурван Т” төсөл хэрэгжиж байгаа 8 дахь аймаг болж байна. Аймгийн мэс заслын тусламж үйлчилгээнд анагаах ухааны дэвшилтэт технологи, дурангийн мэс заслыг нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Нарантуяа болон бусад мэргэжлийн багийнхан оролцлоо. Дурангийн хагалгааг аймагтаа хийх төслийг Нэгдсэн эмнэлгийн дурангийн их эмч Д.Сэргэлэн 6 сарын өмнө аймгийн Засаг даргад өгч байсан нь ийнхүү дэмжигдээд байна

Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт батлан хамгаалах хууль сахиулах албаны нэгдсэн эмнэлгийн дурангийн мэс заслын их эмч хошууч Х.Бат-Оршихоор ахлуулсан 3 эмч ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2 өдрийн дотор 6 хүнд дурангийн хагалгааг амжилттай хийгээд байна. Дурангийн хагалгаанд орсон хүмүүсийн биеийн байдал сайн, сэтгэгдэл өндөр байна. Аймгийн Засаг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын ажилчдыг чадавхжуулах, оношлогоо, үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангах тодорхой заалтууд тусгагдсан нь ийнхүү хэрэгжиж эхэллээ. Сэлэнгэ аймгийн иргэдийн эрүүл мэндийн салбараас хүсч байгаа зарагдал чирэгдэл болж хот хүрээ явалгүй аймагтаа оношилдог,үздэг, шийддэг болох нөхцөл эхнээсээ бүрдэж эхлээд байна. Аймгийн удирдлагын баг аймагтаа бүрэн оношлогоогоо хийдэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Мөн орчин үеийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж чадах боловсон хүчнүүдийг бэлдэх, одоогийн байгаа хүмүүсийнхээ ур чадварыг сайжруулах, мэрэгшүүлж сургах ажил ч эхэллээ.