ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2017-2018 оны хичээлийн жилийн анхны хонх цангинаж, инээд хөөр дүүрэн хүүхэд багачуудаа сургууль, цэцэрлэгүүд хүлээн авлаа. Гоёсон, хөөрч баярласан, догдолсон сайхан энерги бүхнийг шингээсэн энэ өдөртэй бид жил бүр учран золгодог. Энэ бол 09-р сарын 01-ний өдөр. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцож, нийт багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид, сургуулийн алтан босгоор анх удаа алхаж буй энхрий бяцхан хүүхдүүддээ сурлагын амжилт хүсч, эрүүл энх сайн сайхныг ерөөлөө.

2017-2018 оны хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд 43 цэцэрлэгт 7800 гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 35 сургуульд 19000 сурагч багачууд суралцаж, 1480 багш нар ажиллана.

Аймгийн удирдлагын багаас туршлага, сургамждаа тулгуурлан боловсролын салбарын ололт, амжилтыг бататган бэхжүүлж, аймгийн хөгжлийн болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай боловсролын бодлогыг орчинд нь хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.