“МУЗЕЙ БА ХӨГЖИЛ-2017” МОНГОЛЫН МУЗЕЙЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

Өнөөдөр “Музей ба хөгжил-2017” Монголын музейчдын чуулга уулзалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд эхэллээ.  Чуулга уулзалтын эхэнд Монгол Улсын 38 музейн 380 гаруй музейчид Партизаны талбай дахь Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгат Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Соёл, урлагийн газрын даргын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүс, зочид төлөөлөгчид цуглаж чуулга уулзалт эхэлсэн. Соёл, урлагийн газрын даргын дарга Г.Эрдэнэбат: санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ цаг үед өөр өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан шинийг санаачилж, хүмүүсийг музейрүү татах шинэ содон үйл ажиллагааг олж хэрэгжүүлж, байр байшин, мөнгө төгрөг байхгүй гэсэн сэтгэлгээг хоёрдугаарт тавьж ажиллахыг музейчидээ тодотгон хэлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн энэхүү чуулганыг аймаг орон нутагтаа зохион байгуулж байгаа Сэлэнгэ аймгийн удирдлагууд, Л.Бямбаа даргатай аймгийн Нэгдсэн Музейн хамт олонд талархал илэрхийлэв.

Өмнөх жилүүдэд урлаг, спортын наадам хэлбэрээр голлон зохион байгуулагддаг байсан тус чуулга уулзалтыг Сэлэнгэ аймаг олон улсын эрдэм шинжилгээний бага хуралтай хамтатган зохион байгуулсан нь онцлог байв. Чуулга уулзалтад оролцсон АНУ, ОХУ-ын соёлын өв судлаачид 3 хэсэгт мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан салбар хуралдаануудад өөрсдийн орны сайн туршлагаас хуваалцлаа. Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа “Музей ба хөгжил-2017” музейчдын чуулга уулзалтын зорилго харилцан биенээсээ туршлага солилцох, алдаа оноогоо ярилцах, бусад улс орны дэвшилтэт сайн үйл ажиллагааг нутагшуулан нэвтрүүлэхэд оршиж байна.

8 дахь жилдээ манай аймагт болж байгаа чуулган:

- олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

-удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт семинар

-урлаг спортын бага наадам гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна. Өнөөдөр “Музей ба хөгжил-2017” Монголын музейчдын чуулга уулзалтын эхний өдөр бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт семинар болсон юм. Маргааш урлаг спортын бага наадам Гүннуур зуслан дээр зохион байгуулагдана.