Шаамар сумын Бүжинхэн 1-р цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Б.Мэндсайхан: ХҮҮХДИЙН ТААТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ХӨГЖИХ БОЛОЛЦООГООР НЬ ХАНГАХЫН ТУЛД ОЛОН ШИНЭ ШИНЭЛЭГ АЖЛЫГ ХИЙНЭ

Манай цэцэрлэг 100 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. 20 багш ажилчинтай. 2017 оны сумын шилдэг байгууллагаар шалгарсан. 2018 онд цэцэрлэгийн маань 50 жилийн ой болно. Ойн хүрээндээ багагүй бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байгаа. Аймгийн хөрөнгө оруулалтаар хашаагаа шинэчилж сайжрууллаа. Сумаас модон материалын туслалцаа үзүүлж цэцэрлэгийнхээ гадаа хоёр сүүдрэвч, гулгуур, тоглоомыг өөрсдийнхөө хүчээр хийж гадна талбайнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүллээ. Хүүхдийг хөгжүүлэхийн тулд орчин маш чухал. Иймээс орчноо гаднаасаа эхэлж сайжруулж байгаа. Манайх хүүхдүүддээ зориулсан туршлагын талбайг бий болгосон. Орон нутагтаа тохирсон хөтөлбөрөөр хичээл явагддаг онцлогтой ш дээ. Энэ талбайдаа бяцхаан хүнсний ногоо тариалаад түүнийгээ арчилж хамгаалах, хоол хүнсэндээ хэрхэн хэрэглэхийг хүүхдүүддээ зааж сурган шинэ мэдлэг олгож хэвшүүлж байна.

Манай нэг давуу тал бол аж ахуй эрхэлдэг. Зөгийн аж ахуй эрхэлж, хүнсний ногоо тариалдаг. Багш ажилчид маань нэг нэг бүл зөгий хандивлаж нийтдээ 8 бүл зөгийтэйгээр зөгийн аж ахуй маань эхэлсэн. Туслаах багш н.Бадамцэцэг маань зөгийн мэргэжлийн хүн. Энэ 8 бүл зөгийг маань өсгөж үржүүлээд 15 бүл зөгий болгосон. Өнөөдрийн байдлаар зөгийнөөсөө 8 кг бал авчихаад байна. Үүнийг хүүхдүүдээ витаминжуулах, чийрэгжүүлэхэд хэрэглэнэ. Багш ажилчдын гараар тарьсан цэвэр байгалийн ногоогоогоо хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд хэрэглэж заншсан. Энэхүү туслах аж ахуй маань хүүхдийн материаллаг баазыг бүрдүүлэхэд ч дэмжлэг болдог тул бид сэтгэл хангалуун байдаг. Бүлэг бүр өөр өөрийн өргөө байгуулж эхлээд байна. Манай бүлэг гэхэд ёс заншлын, өөр нэг нь урлангийн гэх мэт. Хүүхдүүдээ дагнасан, онцлог онцлогт нь тохирсон хэлбэрээр сургалт зохион байгуулахаар зорьж байна. Мөн багш ажилчид өөрийн гэсэн брэнд ажлыг 50 жилийн ойгоо угтаж хийж эхэлсэн. Манайд багш нарын, туслах багшийн, аж ахуйн багууд байдаг. Хүүхдийн таатай орчинг бүрдүүлж хөгжих бололцоогоор нь хангах чиглэлээр шинэ шинэлэг ажлыг энэ багууд хийх юм. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж тусладаг аймгийн Засаг дарга Ш.Оргил, сумын Засаг дарга М.Баярбаатар нартаа маш их баярлаж талархаж явдагаа хамт олныхоо, эцэг эхчүүдийнхээ, хүүхдүүдийнхээ өмнөөс илэрхийлье.