Шаамар сумын “Баясгалант Ирээдүй” 2-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Лхагважав: ӨӨРИЙН ГЭСЭН ОНЦЛОГОО БИЙ БОЛГОЖ АЖИЛЛАНА

“Баясгалант Ирээдүй” 2-р цэцэрлэг маань 2016 оны 12-р сард ашиглалтанд ороод 2017 оны 1-р сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл энэ хугацаанд бид нилээд бүтээн байгуулалтын ажлуудыг аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгээд байна. Аймгийн хөрөнгө оруулалт 27 сая төгрөгөөр гадаа хашаа, хүүхдийн тоглоомын талбайг байгууллаа. Сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр гадна талдаа хогийн сав, 00, муу усны нүх зэргийг хийлээ.

Бидний хийж бүтээж байгаа бүхэнд аймаг, сум орон нутгийн удирдлагууд дэмжлэг туслалцаагаа харамгүй өгсөнд талархаж байгаагаа илэрхийлье. Сумаас модон материал, блокоор дэмжлэг үзүүлж бид урлагийн заалаа тохижуулан шинэчилсэн. Өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоо ашиглан гадна зам талбайгаа нэмэгдүүлж, гал тогооны нөөц байрыг ашиглалтанд орууллаа. Тог тасарсан үед нөөц гал тогоо маань ажиллана гэсэн үг. Манайх одоогоор 75 хүүхэдтэй 3 бүлэг ажиллаж байна. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан. Шаамар сумын онцлог бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл. Тэр дундаа өрхийн аж ахуй эрхлэгчид олонтой сум. Тиймээс сургалтаа энэ орон нутгийнхаа онцлогт тохируулсан хөтөлбөрөөр явуулж, өөрийн гэсэн онцлогоо бий болгох зорилго тавиад ажиллаж байна.