МАНАЙ АЙМГИЙН НЭГ СУРГУУЛЬ, НЭГ ЦЭЦЭРЛЭГ “УЛСЫН ТЭРГҮҮН”-ий БҮЛД НЭГДЛЭЭ

Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 96 жил, Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдрийг Сэлэнгэ аймаг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нийт багш сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ аймгийн боловсролын салбар улсдаа жишиг байхын төлөө хичээн, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг уриаллаа.
Багш нарын баярын арга хэмжээ аймгийн төв Партизаны талбайд Сүхбаатар сум дахь ЕБ-ын 6 сургууль, Спорт сургуулийн сурагчдын төлөөлөл болсон 1938 сурагч “Өргөн Сэлэнгэ” дуу,”Сэлэнгэ түмэн” шүлгийг нэгэн дуугаар дуулж, уншсанаар эхэлж хурсан олныг баясгав.  АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон баярын хурлын үеэр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, урам зориг хайрласан шагналын хур буусан шиг буулаа.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд сурах бичгийн хангалт бага ангид 100 хувь, дунд, ахлах ангид 84.0 хувь дүрэмт хувцсаар хангаж, жигдрүүлэх ажил 100 хувь хэрэгжсэн байна. Мөн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Г.Түмэндэмбэрэл, бага ангийн багш О.Ганцэцэг, Мандал сумын Улсын тэргүүний “Олимп” цэцэрлэгийн арга зүйч П.Нарантунгалаг нар “Улсын зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй болжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 7 зөвлөх багштай болсон нь боловсролын салбарт ажиллаж байгаа багш, удирдлагуудын нөр их хөдөлмөрийн үр шимийн үзүүлэлт ажээ. Эдгээр зөвлөхүүд багшийн ажлын гол үзүүлэлт болсон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах, эл хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, сургалтын орчин бүрдүүлэх, суралцагчдынхаа хөгжил төлөвшилд тодорхой ахиц гарган, мэргэжил нэгт олон багш нараа хошуучлан ажиллаж энэхүү баярын өдрөө угтжээ.  

Монголын багш нарын 51 дэх өдөр манай аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Ч.Одгэрэл захиралтай сургууль “УЛСЫН ТЭРГҮҮН”-ий сургууль, Цагааннуур сумын З.Сэлэнгэ эрхлэгтэй цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарч Сэлэнгэ аймаг улсын тэргүүний 6 сургууль, 7 цэцэрлэгтэй боллоо. Улсын тэргүүн хэмээх эрхэм цолыг авахад баг хамт олноо зөв менежмент, зохион байгуулалтаар удирдаж ажилласан Ч.Одгэрэл, З.Сэлэнгэ нарыг аймгийн Засаг дарга Ш.Оргил нэг сарын үндсэн цалинтай дүйцэхүүц мөнгөн урамшуулалаар шагналаа баярын энэ өдөр гардуулж, урам хайрлалаа.