ИХ ЗОХИОЛЧИЙН ХҮРЭЛ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ

Төрийн хошой соёрхолт, их зохиолч Дашзэвэгийн Сэнгээ агсны нэрэмжит Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсанынхаа 30 жилийн ойг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний хүрээнд нутгийнхаа унаган хүү, их зохиолч, төрийн хошой соёрхолт Дашзэвэгийн Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан төрсөн нутагт нь дурсгалын хөшөө, сургуулийн гадна талбайд хүрэл хөшөөг босгосон байна. Түүний "Тагтаа" шүлэг,  "Эх орон" дуу, "Аюуш" тууж, "Өвгөн партизаны яриа"-г хэн хүнгүй мэдэх билээ. Дурсгалын хөшөө их зохиолчийн төрсөн гэрийн буурь болох “Дулаан уул”-ын ар хэмээх газарт сүндэрлэжээ. Их зохиолчийн мэндэлсний 100 жилийг ойг тэмдэглэх, хөшөөг нь босгох буянтай үйлсийг Хушаат нутгийн уугуул академич Л.Болд санаачилж, Нутгийн Зөвлөлийн дарга Г.Занданхүү, Барилгын компаний захирал н.Алтангэрэл нар дэмжиж хамтран бүтээлцжээ. Хөшөөг нээх үйл ажиллагаанд Чех улсад амьдардаг их зохиолчийн хүү С.Эрдэмбилэг, ач хүү Э.Манлай нар оролцжээ. Энэ үеэр алдарт "Тагтаа" дуугаар Ардын жүжигчин Ч.Мөнхшүр ая өргөж хүндэтгэл үзүүлжээ.