“СЭЛЭНГЭ-2030” ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ IY СУРГУУЛЬ ТЭРГҮҮЛЛЭЭ

2015 оны 9-р сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд дэлхийн 193 орны удирдагчид оролцон "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийг баталсан байдаг.  “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” нь тунхаглал, тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн, тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байдаг ажээ. Товчоор хэлбэл энэхүү хөтөлбөр нь хүн төрөлхтөний хөгжлийн төлөөх үйл ажиллагааны төлөвлөгөө юм. “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр хөгжлөөс үл хамаараад бүхий л улс орон зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Хөтөлбөрийг нийт 8 сая иргэний санал хүсэлтэд тулгуурлан боловсруулсан байна. Монгол улс ч тогтвортой хөгжлийн зорилтын дор нэгдсэн. Эдгээр зорилтуудыг ирээдүйд хэрэгжүүлэх үндсэн хүч болсон хойч үеийнхэнд сурталчлан таниулах үүднээс “Тогтвортой хөгжлийн боловсрол” (ТХБ) төслөөс Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн төвийн дунд сургуулийн сурагчдын дунд тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчилсан билээ. Мөн Сэлэнгэ аймаг 2030 онд хэрхэн хөгжиж, тогтвортой хөгжлийн зорилтуудад ямар хувь нэмрээ оруулж болохыг дунд сургуулийн сурагчид хэрхэн төсөөлж буйтай танилцахыг зорьж 2 сарын хугацаатай төслийн уралдааныг аймгийн төв Сүхбаатар сумын 7 сургуулийн дунд зарласан юм. Хоёр сарын хугацаанд хүүхдүүд олон санаа сэдлийг шингээсэн төслийг боловсруулжээ. Өнгөрөгч бямба гариг буюу 10-р сарын 28-ний өдөр “Сэлэнгэ 2030” төслийн уралдааны шалгаруулалт боллоо. Шалгаруулалтанд аймгийн төв Сүхбаатар умын Засаг дарга Т.Гантулга оролцож баг бүрийн төсөлтэй танилцсан. Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах олон сайхан шинэлэг санааг хүүхдүүд маань гаргасан байсан юм. Мөн энэ хугацаанд сургууль, орон нутгийнхаа хэмжээнд олон арга хэмжээг хийж хэрэгжүүлэн ажил болгожээ. Ингээд шинэлэг санал санаачлага гаргасан Сүхбаатар сумын улсын тэргүүний 4 дүгээр сургууль тэргүүн байр эзэлж, улсын тэргүүний 2 дугаар сургууль, ерөнхий боловсролын 3 дугаар сургууль удаах байрт шалгарлаа.   

Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори IY сургуулийн төслийн багийн ахлагч Алтанхуягийн НАНДИНЭРДЭНЭ: ХОГИЙГ АНГИЛЖ ЯЛГАХ НЬ ҮР ДҮНТЭЙ АЖИЛ БОЛСОН

Манай баг Сэлэнгэ аймагтаа хүүхдийн урлан бүтээх төвийг байгуулах, хог хаягдлыг багасгах гэсэн 2 сэдвийг сонгож авсан. Бид нар хүүхдийн хувь хүний орчноос илүү нийгэмд хөгжих орчин илүү чухал юм боловуу гэж үзсэн. Манай төсөл судалгаа, сургалт, сурталчилгаа гэсэн 3 үе шаттай. Мөн туршилт дагалдаж яваа. Судалгаагаа хийсний дараа үндсэн үйл ажиллагаагаа явуулж байсан. Хог хаягдлын судалгаа, хог хаягдлыг хэрхэн шийдэх гээд их олон төрөл дээр судалгаа хийсэн. Туршилтын хувьд аймгийнхаа төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Олон улсын худалдааны төв, вокзал зэрэг газруудад хогийг ангилан ялгах боломжтой тусгай заавартай хогийн савыг байршуулсан. 7 хоног туршихад хүмүүс яг зургийн дагуу хогоо ангилж хийж байсан. Үүнээс үүдээд хогийн сав нь ялгах таних тэмдэгтэй, том хэмжээтэй байвал хүмүүс хогоо ангилж хаях юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ингээд ангилан ялгачихсан тохиолдолд бидэнд дахин боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Ангилж ялгаж авчихаад хогийн цэг дээр бүгдийг хаячихвал ямар ч үр дүнгүй болно. Дахин боловсруулах үйлдвэр байгуулснаар Сэлэнгэ аймгийн нийт хогны 60 хувь нь дахин боловсруулагдаж бүтээгдэхүүн болох боломжтой. Бүтээгдэхүүн гэдэгт гудамжинд тавих сандал, хогийн сав, бусад хэрэгцээт бүтээгдэхүүн байж болно. Ингэж эдийн засагтаа хувь нэмэр оруулах боломжтой. Манай багийн хог хаягдал хэмээх энэ сэдэв бол Монгол Улс төдийгүй дэлхий дахинд онц ноцтой асуудал болж байгаа сэдэв. Тиймээс манай сэдвийг сонгож бид тэргүүн байр эзэлсэн байх гэж бодож байна. Манай баг 7-10-р ангийн сурагчдаас бүрдсэн 33 хүүхдийн бүрэлдэхүүнтэй. 7-р ангийн сурагчдын идэвхи санаачлага илүү түлхүү орсон. Учир нь тэд бол бидний халаа. Өнөөдөр төслийн уралдаанд түрүүлсэндээ сэтгэл маш өндөр байна. Төсөл хэрэгжээсэй гэж бид чин сэтгэлээсээ хүссэн. Манай төслийн ашиг шим хүртэгчид нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд байснаараа бусад сургуулиудаасаа арай өргөн цар хүрээтэй байсан гэж бид бодож байгаа. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн мэргэжилтэн З.Алтанбат: БҮХ ХҮҮХДҮҮД ИДЭВХИТЭЙ САНААЧЛАГАТАЙ ОРОЛЦОЖ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

“Сэлэнгэ 2030” зорилтот төслийн уралдаан маань Сүхбаатар сумын 7 сургуулийн сурагчдын дунд 2 сар үргэлжлээд өнөөдөр дүнгээ гаргаж байна. Төсөл амжилттай хэрэгжлээ гэж төсөл зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Төслийн гол зорилго Сэлэнгэ аймгийн хүүхдүүд 2030 оныг хэрхэн төсөөлж байна, тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд аймаг орон нутагтаа хэрэгтэй үр дүнгээ өгөх ямар асуудлыг тусгахыг зорьж байна гэдгийг харахыг хүссэн. Мөн үүнийгээ өөрсдийнхөө хэмжээнд төсөл болгоод аймаг орон нутгийнхаа удирдлагад танилцуулж байгаа юм. Аймаг орон нутгийн удирдлагууд хүүхдүүдийн ирүүлсэн төслийг тогтвортой хөгжлийн зорилго, орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хэр нийцэж байна гэдэг шалгуур үзүүлэлтээр шалгаад цаашдаа аймгийнхаа хөгжлийн хөтөлбөрт оруулах зорилготой. Бид сургууль бүрт 10, 10 сургагч багшийг бэлдсэн. Энэ багш хүүхдүүд маань сургуульдаа энэ бүхнээ түгээн дэлгэрүүлсэн. Мөн хүүхдүүд маань ямар өөрчлөлт шаардлагатай вэ гэдэг судалгааг хийсэн. Бүх хүүхдүүд идэвхитэй санаачлагатай оролцоо гэж хэлэх байна.  

Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, тулгамдаж байгаа асуудлыг гарган ирж шийдэхийг зорилоо. Аймаг орон нутаг ч хүүхдүүдийнхээ гаргаж ирсэн шинэ шинэлэг санал санаачлагыг бодлоготоо тусган хэрэгжүүлж ажиллах юм.