БАЯНГОЛ СУМЫН СУРГУУЛЬ АЙМГИЙН “АЛТАН ГАДАС” ОДОНТ АНХНЫ СУРГУУЛЬ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль бол манай аймгийн анхны улсын тэргүүний сургууль билээ. Өнөөдөр тус сургууль улсын хэмжээнд 5, аймагтаа анхны гэсэн тодотголтойгоор төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдлаа. Д.Сарангэрэл захиралтай Улсын тэргүүний бүрэн дунд сургуульд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Б.Саруул гардуулан өгсөн байна. Энэхүү хүндтэй арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал, Засаг дарга С.Ариунбат болон тус сургуулийн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, төгсөгчид оролцжээ. Энэ үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны “Жуух бичиг”-ээр багш Б.Мөнхжаргал шагнагдсан байна.

Түүхийн хуудаснаа тодоос тод мөртэйгөөр бичигдэн үлдэх энэхүү үйл явдал бол тус сургуулийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, эцэг эхчүүдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй үе үеийн орон нутгийн төр захиргааны байгууллагын оновчтой бодлого шийдвэр, олон арван хөрөнгө оруулагчдын дэмжлэг, өнөөдөр ажиллаж байгаа тус сургуулийн удирдлага, хамт олны ололт амжилт, зөв менежментийн үр дүн гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.