“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ” АРГА ХЭМЖЭЭНД 1477 СУРАГЧ, 400 ГАРУЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАМРАГДЛАА

Энэ цаг мөчид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын анги дэвших болон төгсөлтийн шалгалт тулж ирээд байна. 12 жилийн мэдлэгээ дүгнүүлэн их дээд сургуульд орохоор бэлтгэлээ базааж байгаа хүүхдүүдийн хувьд “Мэргэжил сонголт” гэдэг үнэхээрийн чухал асуудал юм. Сэлэнгэ аймаг “Мэргэжил сонголт” арга хэмжээг өөрийн “брэнд” болгоод багагүй цаг хугацааг өнгөрөөж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн хамгийн их сонирхдог топ гэгдэх их дээд сургуулийн төлөөллүүдийг орон нутагтаа авчирч шинэ мэдээлэл олгохоос гадна, хүүхдүүдийг юун дээр анхаарч, яаж сонголт хийх ёстойг, хамгийн их эрэлт хэрэгцээтэй ямар мэргэжил байгааг, Монгол болон дэлхийн томоохон их дээд сургуулиудад хэрхэн тэтгэлгээр суралцаж болохыг мэргэжлийн хүмүүс нэг бүрчлэн хэлж, сонирхсон асуултуудад нь хариулдгаараа онцлогтой. Энэ жилийн “Мэргэжил сонголт” арга хэмжээг Сэлэнгэ, Бэлчир, Ерөө, Орхон, Хараа гэсэн аймгийн 5 бүсэд бүрэн дунд боловсролын 33 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 3 төвийн 12 дугаар анги төгсөгчид, багш, эцэг эхчүүдэд зориулж ЗГХЭГ, БСШУСЯ, Боловсролын Үндэсний төв, БЗС, БМИҮЗ, Буриад Улсын Их сургууль, Сибирийн Хоршооллын их сургуулийн төлөөлөлтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 33 сургуулийн удирдлага, багш нар, 1477 сурагч, 400 гаруй эцэг эхчүүд хамрагдлаа.