ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД 800 ОНОО АВСАН ХОЁР СУРАГЧИЙГ УРАМШУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авч үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч Н.Хатан-Эрдэнэ, Сайхан сумын Номгон тосгоны дунд сургуулийн сурагч А.Энх-Эрдэнэ нарт тус бүрт 1 сая төгрөгийн “БАТЛАМЖ”-ийг сурах их үйлсэд нь урам дэм болгон гардуулж өглөө. Н.Хатан-Эрдэнэ МУИС-ийн Олон улсын харилцаа, А.Энх-Эрдэнэ МУИС-ийн мэдээллийн системийн ангид суралцахаар сонгон авчээ. Хоёр охин маань хоёулаа Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан байна. Аймгийн Засаг дарга хүүхдүүдийнхээ сурч мэдэхэд дэм өгч байгаа энэхүү урамшлаа цаашид ч үргэлжлүүлэн 800 оноо авсан хүүхэд бүрт олгох болно гэдгээ хэллээ. Авах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд нийт багш сурган хүмүүжүүлэгчид анхаарч ажиллахыг захив. Аймгийн Засаг даргын урамшлыг өнгөрсөн жил мөн 2 хүүхэд авч байсан юм. Н.Хатан-Эрдэнэ, А.Энх-Эрдэнэ нартаа сурлагын их амжилтыг хүсч эх орон элгэн нутагтаа ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.