2018-2019 ОН “СУРАЛЦАГЧ БҮРИЙН СУРЛАГЫН ЧАНАРТ АХИЦ ГАРГАХ” ЖИЛ

Өнөөдөр аймгийн төвд багш нарын бага хурал, семинарын үйл ажиллагаа боллоо. Бага хуралд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож хэлсэн үгэндээ “Засгийн газрын болон аймаг, сумдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар дэвшүүлсэн зорилт зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч, “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах”-ыг нийт багш нартаа хүслээ.

Мөн Засгийн газрын 01, аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгаварын хэрэгжилт, цаг ашиглалт, ёс зүйд онцгой анхаарч, хариуцлагатай ажиллахыг тодотголоо. 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 34 сургуулийн 5-р ангийг 1723 сурагч суралцан төгсөж бага боловсрол, 9 дүгээр ангийг 1634 сурагч суралцан төгсөж суурь боловсрол, 12 дугаар ангийг 1486 сурагч суралцан төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд байна. Тус хичээлийн жилд төрийн өмчийн 33, хувийн 1 сургуульд нийтдээ 18937 хүүхэд суралцаж, суурь боловсролын хамран сургалт 99,2 хувьд хүрсэн нь 0,2 хувиар ахисан үзүүлэлт юм. 
2018-2019 оны хичээлийн жилийн “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд аймгийн БСУГ-аас 4 зорилтын хүрээнд сургалтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр дэвшүүллээ. Үүнд.


Зорилт 1: Сургуулийн өмнөх боловсролын болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сургалтын чанарыг ахиулахын тулд сургууль, цэцэрлэг бүр хүүхэд нэг бүрийг оношлох, явцын, үр дүнгийн, хөндлөнгийн үнэлгээг тогтмол хийж, үр дүнг тооцон, суралцах идэвхийг урамшуулан дэмжих
Зорилт 2: Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийг зөв төлөвшүүлж, хөгжүүлэхэд анхаарч ажиллах
Зорилт 3: Багш, удирдах ажилтан бүр мэдлэг, чадвар, заах арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж, хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг хэрэгжүүлэн, хариуцлага, ёс зүйг эрхэмлэн дээдэлж ажиллах
Зорилт 4: Сургалтын байгууллагын орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.
2018-2019 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 34 сургуульд 1035 багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж 19700 гаруй хүүхэд суралцах бол 42 цэцэрлэгт 270 гаруй багш ажиллаж, 7400 гаруй хүүхэд хүмүүжнэ. Шинээр 1 дүгээр ангид 2223 хүүхэд элсэн суралцана. Ийнхүү Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэг шинэ хичээлийн жилдээ бэлэн болж, багш сурган хүмүүжүүлэгчид өнгөрөгч хичээлийн жилийн ололт амжилт, алдаа дутагдлаа шүүн тунгаан ярилцаж, шинэ хичээлийн жилийн зорилго зорилтоо дэвшүүллээ.