СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА

Өнөөдөр аймгийн онцгой комисс хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох албадын мэдээллийг сонслоо. Малчид, мал бүхий иргэдийн тухайд яг одоогоор хүндэрсэн байдал гараагүй байгааг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр хэлсэн. Аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан нарын мэдээллээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчний халдвар өндөр байгааг танилцуулсан юм.

Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал 20 хувьд хүрээд байна. Иймээс онцгой комиссын гишүүдийн саналаар сургуулийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал 3 хоног, цэцэрлэгийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал түр хугацаагаар хааж, нөхцөл байдлын мэдээг холбогдох дээд шатны байгууллагад уламжиллаа. Түр хугацаагаар хаасан энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгохоор болов.

Мөн албан байгууллагын дарга эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч хамгаалах боломжийг олгож ажилтан албан хаагчиддаа чөлөө зөвшөөрөл олгож зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог анхаарууллаа.