Сургууль, цэцэрлэгүүд хүүхдээ хүлээж авахад бэлэн
2014-2015 оны хичээлийн шинэ жилийн багш нарын бага хурал энэ сарын 26-нд эхэлсэн. АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон бага хуралд манай аймгийн 35 сургууль, 34 цэцэрлэгийн 500 орчим сурган хүмүүжүүлэгчид хамрагдан хичээлийн жилийн зорилго зорилтоо тодорхойллоо. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат бага хуралд биечлэн оролцлоо. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдийн дунд “Хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт”, сургуулийн захирал, менежер, багш нарын дунд “Бага сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” сургалт, семинар энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдана.
 
 
 
Өнгөрсөн хичээлийн жилд манай аймгийн боловсролын салбарынхан амжилт бүтээл ихтэй, үндэсний шинэ сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажилласан.
 
Ирж байгаа шинэ хичээлийн жил бол бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх онцлогтой жил. Мөн хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх ажлыг ч явуулна. Багш нарын бага хурлын үеэр Сэлэнгэ аймаг 21 зорилтыг хэлэлцэж баталлаа. Эдгээр зорилтын эхэнд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх асуудал орсон байна. Тиймээс боловсролын байгууллагынхан энэ чиглэлд түлхүү анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо.
 
 
Энэ хичээлийн жилд 1-р ангид 2000 орчим 6 настангууд элсэн орох ажээ. Эдгээр 6 настангуудыг сургуулийн орчинд хүлээж авах бүхий л орчинг бүрдүүлээд байна. Аймгийн БГ-ын дарга Д.Загдгочоо:- “Ялангуяа хөдөөгийн сургуулийн дотуур байранд 6 настай хүүхдийг хэрхэн яаж хүлээж авах, дотуур байрны багш яаж харах, хэнтэй амьдруулах, хэрхэн хооллож, 00-д оруулах гэх мэт бүх л асуудалд анхааран орчныг нь бүрдүүлсэн. Манай аймгийн 6 настангууддаа зориулан хийж хэрэгжүүлж зохион байгуулж байгаа ажил яамны түвшинд ч өндрөөр үнэлэгдэн бусад аймгуудад нэвтрүүлэхүйц үлгэр жишээ ажил болж байгаа” гэлээ.
 
Манай аймаг суралцагчдийнхаа тоогоор улсдаа эхний 3-д ордог. Энэ хичээлийн жилд аймгийн 35 сургуульд 18000 орчим суралцагч, 34 цэцэрлэгт 10000 орчим хүүхэд хамрагдахаар судалгаа гарчээ. Шинээр Шаамар сумын төвд 2 цэцэрлэгийн барилга, Мандал сумын төв болон Үнэгтийн багт шинэ хичээлийн байрны өргөтөл ашиглалтанд ороод байна.
 
Ийнхүү Сэлэнгэ аймгийн сургууль цэцэрлэгүүд урсгал болон их засвараа хийж дуусган, мэргэжлийн багш нараар бүрэн хангагдаж хүүхдээ хүлээж авахад бэлэн болоод байна.