ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ 2368 ХҮҮХЭД 1 ДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРЖ БАЙНА
Өнөөдөр 9-р сарын 1. Эрдмийн баярын өдөр.
Чухамдаа энэ л өдөр улс орон даяараа хүүхэд багачууд, оюутан залуус, багш, сурган хүмүүжүүлэгчид маань сурч, хүмүүжих эрдмийн их өргөөндөө хуран цуглардаг баярт өдөр.
2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигаар Төрийн бүх байгууллага, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах ёслолтой хамтатган зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
Хөөр баяр дүүрэн энэ өглөө аймгийн удирдагууд аймгийн төв Сүхбаатар сум дахь сургууль, цэцэрлэгүүдийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүлээлгэн өгч, багш, сурагч, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
2022-2023 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 22800 гаруй сурагчид, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгт 7100 хүүхэд сурч хүмүүжнэ.
Энэ жил эрдмийн их өргөөний үүдийг татаж 2368 бяцхан үрс маань 1 дүгээр ангид элсэн орж байна.
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.