"НҮҮДЭЛЧИН МОНГОЛ -2022" СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ ФЕСТИВАЛЬД СЭЛЭНГЭЧҮҮД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Энэ сарын 12-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Тэрэлжийн голд зохиогдсон "НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022" өв соёлын наадамд Ерөө сумаас Эсгий урлалаар оролцсон Б.Марал-эрдэнэ "ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ"-аар шалгарч, алтан медаль хүртлээ.

“Нүүдэлчин Монгол-2022” дэлхийн соёлын фестивальд Сэлэнгэ аймгаас 62 соёлын биет бус өв тээгч оролцлоо. Үүнээс Жавхлант сумаас соёлын биет бус өвийн 7 ай савын 5 төрөлд 21 авьяастан оролцсон нь онцлог байв.

Шаамар сумын Соёлын төвийн ажилтан, МУСТА Цэвээндоржийн Цогтнамжил соёлын биет бус өвийн их фестивальд Сэлэнгэ аймгийн өвлөн уламжлагчидтай нэг отог болон оролцож, Монгол Улсын Соёлын биет бус өвийн "Эх хэл аман уламжлал илэрхийлэл" ай савд хамаарах "Цол дуудлага" өвийг таниулан сурталчиллаа. Нүүдэлчдийн соёлыг дэлхийд таниулах Соёлын биет бус өвөө уламжлуулан үлдээх 21 аймаг, нийслэлийн 1432 өвлөн уламжлагчидтай эн зэрэгцэн соёлын өвөө ийнхүү таниулан сурталчиллаа. Тэрээр Үндэсний оюун санааны дархлаа болсон эх хэл, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, өвлөн уламжлагч юм.

Мөн энэхүү Нүүдэлчдийн соёлыг дэлхийд таниулах арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЕБС-ийн дизайн технологийн багш, соёлын өвлөн уламжлагч Д.Төртөвшин, 2008 оны төгсөгч Уран дархан, соёлын өвлөн уламжлагч Г.Ганцогт нар цаасан хайчилбар, Монгол дарханы бүтээлээр оролцлоо.