Ч.Жаргалсайхан: Хүүхдийн болон багшийн бүх талын тасралтгүй хөгжлийг хангахад хамтран ажиллах зорилт дэвшүүлсэн

Өнгөрсөн 2021-2022 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын ажил үйлс хэрхэн өрнөсөн хийгээд амжилт, ололт, алдаа дутагдал юу байсан талаар аймгийн БШУГ-ын дарга Ч.Жаргалсайханаас тодрууллаа.

-Өнгөрсөн хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж мөн сургалтын үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн үгэлгээнүүд хийгдсэн он жил байлаа. Тухайлбал Цахим шилжилттэй холбоотойгоор цахим контентын “мэдлээ” аппликэйшнийг ашигладаг болсон. Мөн аймгийн хэмжээнд “Эдмодо” платформыг хөгжүүлэх шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлэн ажиллалаа. Энэ бүхэн боловсролын салбарт нэлээд шинэлэг, дэвшилтэт алхам болж, багш, сурагчдын сурах суралцах үйлсэд дэм болсон.

-Сургалтын чанарт хэр дэвшил гарав?

-Сэлэнгэ аймгийн боловсролын байгууллагууд бүхэлдээ өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлж, амжилттай ажилласан. Тодруулбал манай аймаг улсын хэмжээнд явуулсан оношлох үнэлгээгээр улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй оролцсон. Мөн сургуульд суурилсан үнэлгээгээр амжилттай дүн авсан. Түүнчлэн гүйцэтгэлийн үнэлгээгээр улсын дунджаас дээгүүрт шалгарсан амжилтыг тус тус үзүүлсэн байгаа. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон хүүхдүүдийн хэмжээст оноо өмнөх жилүүдээс ахисан үзүүлэлттэй гарсан. Тухайлбал манай аймаг ЭЕШ-аар 17-р байрнаас 8-pт орж ирлээ. 'Би багш' улсын уралдаанд 2 жил дараалан Мандал сумын хоёр багш түрүүллээ. Мөн багш нарын илтгэлийн улсын уралдаанд манай багш нар I, II байрт шалгарлаа. Түүнчлэн манайд зөвлөх багшийн тоо өмнөх жилээс өсч, 7 багшаар нэмэгдсэн. Ингээд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 23 зөвлөх багш ажиллахаар болж байна. Энэ мэт дэвшил, амжилт их байна.  

-Боловсролын салбарт хийсэн бүтээн байгуулалт юу байна? Шинээр сургууль, цэцэрлэг барих уу?

-Хөрөнгө оруулалтын тухайд багагүй ажлууд хийсэн. 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын 4 дүгээр багт 200 хүүхдийн цэцэрлэг барих ажил эхэлж, энэ онд төсөвлөгдсөн хөрөнгийнхөө хэмжээнд үйл ажиллагаа нь үргэлжлэн явагдаж байна. Мөн Цагааннуур сумын ЕБС-ийн өргөтгөлийн барилгын ажил энэ онд төсөвлөгдсөн хөрөнгийнхөө хэмжээнд ажлаа гүйцэтгэж байна. Түүнчлэн аймгийн хөрөнгө оруулалтаар сургууль, дотуур байр, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж сайжруулах. Мөн сургууль, цэцэрлэгийн өмнө тулгамдаж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулалтын ажлууд нэлээд хийлээ.

-Шинэ хичээлийн жилд ямар зорилго, зорилт дэвшүүлэв. Хичээл эхлэхийн өмнө уламжлал ёсоор багш нарынхаа сургалт, зөвлөгөөн хийв үү?

-Сэлэнгэ аймгийн боловсролын салбар 2022-2023 оны шинэ хичээлийн жилд "Хүүхдийн болон багшийн бүх талын тасралтгүй хөгжлийг хангахад хамтран ажиллах" зорилт дэвшүүлсэн. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө манай боловсролын салбарынхан "Багш нарын бага хурал, сургалт зөвлөгөөн" зохион байгуулдаг уламжлалтай.

Дээрх уламжлалын дагуу 8 дугаар сарын 26-нд аймгийн төв Сүхбаатар суманд 2022-2023 оны шинэ хичээлийн жилд зориулсан багш нарын бага хурал, сургалтын үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг үндсэн хоёр агуулгын хүрээнд явуулсан. Эхний агуулга нь "Бага хурал"-ын үеэр бодлогын баримт бичигтэй холбоотойгоор өнгөрсөн хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн. Шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо ярилцсан.

Хоёрдугаарт үйл ажиллагаанд ирсэн 450 гаруй боловсролын салбарын удирдах ажилтан, багш нарыг 12 төрлийн сургалтад хамруулсан. Энэ сургалтын гол чиглэл нь шинэ хичээлийн жилийн зорилго зорилтоо хэрэгжүүлэх, ялангуяа цахим сургалттай холбоотой контент боловсруулах асуудал байлаа. Түүнчлэн багш нарын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх чиглэлээр мэдлэг олгох сургалтыг явуулж, багш нараа мэдлэг, мэдээллээр хангасан. Манай аймаг 1200 гаруй багштай. Эдгээрээс төлөөлөл болж 450 багш бага хуралд оролцсон. 

Ч.Отгонцэцэг