Манай аймгаас Улсын тэргүүний сургууль, цэцэрлэг тодорлоо

Дэлхийн багш нарын 21, Монголын багш нарын 49 дэх өдрийг боловсролын салбарынхан маань өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн багш нарын өдрийг Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэгүүд, сургалтын байгууллагууд, багш, сурагчид маань арвин их амжилт бүтээлээр, нийгмийн сайн үйлсийн бүтээлч ажлуудаар угтлаа.

Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний хүрээнд бүх сумдын сургууль, цэцэрлэгүүд, багш, ажилчид өөрсдийн амьдарч буй орчиндоо мод тарих ажлыг нийгмийн аян болгон өрнүүлж “Боловсрол төгөл”-ийг байгуулсан, салбарын гол зорилго болсон хүүхэд багачуудаа сургаж хөгжүүлэх, сурах үйл ажиллагааг дэмжих үүднээс амьдралын боломж хомс нөхцөлд амьдарч байгаа, эрх нь тодорхой хэмжээгээр зөрчигдөж буй хүүхдүүдэд бүхий л чиглэлээр туслах зорилгоор хүүхдийн төлөө сайн үйлсийн аяныг зохион байгуулсан, бага дунд боловсролын буюу сургууль, цэцэрлэгүүдийн ажлыг шалгадаг эцсийн шалгуур болсон Улсын тэргүүний сургууль, Улсын тэргүүний цэцэрлэг, Оны тэргүүний багш гэсэн үзүүлэлт тус бүр дээр тав дахь жилдээ дарааллан манай аймгаас шилдгүүд тодорсон зэрэг сайхан амжилтуудыг онцлон нэрлэж болох юм.

 

Энэ л мөчид Монгол Улсын “Тэргүүний сургууль”-аар Сүхбаатар сумын 12 жилийн 2-р сургууль, Монгол Улсын “Тэргүүний цэцэрлэг”-ээр Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг тус тус шалгаран батламжаа гардаад байна. Мөн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч үнэсний шилдэг сургуулиар Сүхбаатар сумын улсын тэргүүний 1-р сургууль, Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургууль, Баянгол сумын улсын тэргүүний сургуулиуд шалгарсан амжилтыг үзүүллээ.

Энэ бүхэн бол Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын ажил амжилттай сайн явааг улс үнэлж дүгнэж байгаа хэрэг юм. Тиймдээ ч боловсролын салбарын гол шалгуур болсон үзүүлэлтээр Сэлэнгийн сургууль, цэцэрлэгүүдийн амжилтын буухиа тасрахгүй явна.