- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
Боловсролыг дэмжигч Сэлэнгэ түмэндээ сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье
Юуны өмнө нийт Сэлэнгэчүүддээ Дэлхийн багш нарын 21, Монголын багш нарын 49 дэх өдрийн баярын халуун мэндийг хүргэе.
Жил бүрийн 10-р сарын 05-нд багш нарын өдрийг тэмдэглэж байх Монгол Улсын Засгийн газрын тогтоол хоёр жилийн өмнө гарч, бид хоёр дахь жилдээ 10-р сард багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлалтай болж байна. Энэ удаагийн багш нарын өдрийг манай Сэлэнгэчүүд, сургууль, цэцэрлэгүүд, сургалтын байгууллагууд, багш, сурагчид маань амжилт бүтээлийн дээдээр бүтээлч, нийгмийн сайн үйлсийн ажлуудыг амжилттай зохион байгуулан угтлаа. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай уялдуулж, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний хүрээнд бүх сумдын сургууль, цэцэрлэгүүд, багш, ажилчид өөрсдийн амьдарч буй орчиндоо мод тарих ажлыг нийгмийн аян болгон өрнүүлэн “Боловсрол төгөл”-өө байгууллаа. Мөн бидний гол зорилго болсон хүүхэд багачуудаа сургаж хөгжүүлэх, сурах үйл ажиллагааг дэмжих үүднээс амьдралын боломж хомс нөхцөлд амьдарч байгаа, эрх нь тодорхой хэмжээгээр зөрчигдөж буй хүүхдүүдэд бүхий л чиглэлээр туслах зорилгоор хүүхдийн төлөө сайн үйлсийн аяныг зохион байгуулан дүгнэлээ.
Энэ ажилд төр захиргааны болоод төрийн бус байгууллагууд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс гээд аймаг даяараа оролцсон. Эдгээр хүүхдүүдэд хүнсний зүйл, өмсөх хувцас, гутал, сургалтын хэрэгсэл зэрэг бүхий зүйлээр сэтгэлээсээ тусалж байгаад баяртай байна. Түүнчлэн энэ удаагийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан зохион байгуулдаг бага дунд боловсролын буюу сургууль, цэцэрлэгүүдийн ажлыг шалгадаг эцсийн шалгуур болсон Улсын тэргүүний сургууль, Улсын тэргүүний цэцэрлэг, Оны тэргүүний багш гэсэн үзүүлэлт тус бүр дээр тав дахь жилдээ дарааллан манай аймгаас шилдгүүд тодорлоо.
Энэ бол боловсролын чанарын шинэчлэлийг орон нутагтаа, ард иргэдтэйгээ, хүүхэд багачуудтайгаа, төр засгийн байгууллагуудтайгаа бүхий л хүмүүсийн дэмжлэгтэйгээр хийж, боловсролын үйл ажиллагаа идэвхитэй сайн явж байгаагийн үр дүнг харуулж байна гэж ойлгож болно.
Ингээд Монголын багш нарын өдрийн мэндийг дахин хүргэж, боловсролыг дэмжигч Сэлэнгэ түмэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилье.
Сэлэнгэ аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо