- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Мэдээ
09-р сарын 01-ний энэ өдөр Монгол орны маань өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн нээлтийн хонх цангинаж, хүүхэд багачууд маань эрдмийн их өргөөндөө суралцах хүсэл эрмэлзэл, урам зориг дүүрэн цуглацгаалаа. Сургуулийн алтан босгыг анхлан алхаж байгаа бяцхан сурагчдын тухайд ёстой л их эрдмийн үүд хаалга нээгдэж байгаа гэгээлэг өдөр.
Энэ хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн 35 сургуульд 18000 орчим сурагч, сургуулийн өмнөх боловсролын 37 цэцэрлэгт 7000 орчим бяцхан хүүхэд суралцаж, 1500 орчим багш ажиллана. 6 настай 2300 орчим хүүхэд 1 дүгээр ангид элсэн суралцаж байна. Сант суманд ерөнхий боловсролын шинэ сургууль баригдаж байгаа бол Шаамар, Дулаанхаан, Бугант, Баянгол гэсэн 4 газарт 500 орчим хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг үүдээ нээгээд байна. Ийнхүү манай аймаг цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийнхээ 91 хувийг цэцэрлэгт хамруулж байгаа нь томоохон амжилт юм. Цаашид ч хүн ам олноор суурьшсан Сүхбаатар, Мандал, Сайхан, Цагааннуур зэрэг газруудад шинээр цэцэрлэг барих хэрэгцээ шаардлага байгааг мэргэжлийн хүн хэлж байлаа. Аймгийн төв Сүхбаатар сумын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцсон.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сүхбаатар сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, Сэлэнгэ нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэн, сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. Тэрээр:-Өнөөдөр сургуулийн эрдмийн баярын нээлтэнд хүрэлцэн ирсэн нийт сурагчид, түүний дотроос анх удаа сургуулийн босгыг алхаж байгаа 6 настай эрхэм дүү нартаа эрдмийн баярын өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймгийн 32 цэцэрлэг, төрийн болон хувийн хэвшийн 35 сургуулиуд суралцагчидаа хүлээн авч, энэ жилийнхээ үйл ажиллагаа явуулах зорилт, зорилгоо тодорхойлон нээлтээ хийцгээж байна. Сэлэнгэ аймаг энэ жилийн ерөнхий боловсролын сургуулиуддаа тодорхой зорилтыг тавьж 2015-2016 оны хичээлийн жилд үр дүнгий нь үзэхээр хичээлийн жилээ эхлүүлж байна. Өнгөрсөн 2012, 2013, 2014 оны хичээлийн жилүүдэд монгол орон даяар засгийн газраас хэрэгжүүлсэн “Зөв Монгол хүүхэд”, “Авъяас, “Ном” зэрэг олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд олон сурагчид өөрсдийнхөө авъяасыг нээж, амьдралдаа хэрэг болох зүйлийнхээ арга бараилд суралцсан байгаа. Тиймээс 2015-2016 онд өөрийгөө бүрэн илэрхийлж, өөрөө өөртөө итгэлтэй хүн болоход нь урам дэм өгөх, хүүхдүүдээ урамшуулах тал дээр онцгойлон ажиллах болно. Мөн аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дотор аймгийнхаа төв Сүхбаатар сумыг хотын зэрэглэлтэй болгох үндсэн хэв шинжийг байгуулж эхлэх, аймгийнхаа төвийг Алтанбулаг сумтай холбох, боомт хотыг бий болгох ажлуудыг эхлүүлээд байна. Дэд бүтцийг нь татаад шинэ хорооллуудыг барьж эхэллээ. 10-аадхан хоногийн дараа “Сэлэнгэ” хаус хорооллын эхний барилгууд ашиглалтанд орно. Ахмадууд, залуучууддаа зориулсан гэр бүлийн ордон, хуримын ордонг энэ намар ашиглалтанд оруулна гээд олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь “Ногоон Сэлэнгэ” хөтөлбөр. Бид жил болгон хотдоо ногоон байгууламж, мод бут цэцэг тарьж, хүмүүсийнхээ өөрөө өөрийнхөө амьдралаар бахархах, сайхан орчинг бүрдүүлэхийн төлөө аймгийн ЗДТГ онгой анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ ажилд манай сургуулиуд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүд маань гол хүч болж идэвхи чармайлттай ажилласаныг онцгойлон тэмдэглэж, баяр хүргэе” гэлээ.
2015-2016 оны хичээлийн шинэ жилийн онцлог нь сургуулийн өмнөх боловсролын болон суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхлэх гарааны жил. Энэ ажлын хүрээнд сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичиг, багшийн ном шинэчлэгдэж, хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө багш бүр хичээн ажиллах, хүүхэд бүр бүтээлч сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллах, насан туршдаа суралцах чадвартай иргэн болон төлөвших зорилго тавин, эцэг эхчүүд хүүхдээ дэмжин хөгжүүлж, багш нартай хамтран ажиллах юм. Мөн зөвхөн хичээл судлагдахуунаар биш сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагуудаар хүүхдийг бие даан сурах арга барил эзэмших боломжийг бүрдүүлнэ.