Аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаанд салбарын сайд сэтгэл хангалуун буцлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр сайд 3-р сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд ажиллалаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар сумын 3-р сургууль байрлаж байсан байртай танилцсан. Тус байрыг аймгийн зүгээс цэцэрлэг болгон ашиглах саналтай байгаа юм.

Дараа нь 960 хүүхдийн хүчин чадал бүхий 3-р сургуулийн шинэ байр, анги танхимын үйл ажиллагаатай танилцаж, улсын тэргүүний 4-р цэцэрлэгээр орлоо. 4-р цэцэрлэгийн багш Д.Насанжаргалын хүүхүүддээ зориулан гаргасан гарын авлага сайд болон дагалдан яваа хүмүүсийн анхаарлын төвд орсон юм. Хүүхэд бүрээ ялган ангилж, судалгаа хийж ажилласнаар ахиц дэвшлийг гаргасан байдал, хүүхдүүдээ хөгжүүлэх, сургах тал дээр өөрөө санаачлан хийсэн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй хэмээсэн. Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, 4-р сургуулийн багш Цолмонгийн ангийн хүүхүүдээ зурдаг, хөгжим тоглодог, шатар тоглодог, олимпиадуудад амжилттай оролцуулдаг болгосон туршлага, улсын тэргүүний 1-р сургуулийн хүүхэд нэг бүрийг хамруулсан хөдөлгөөнт дасгал, жигдрүүлэлт зэргийг салбарын сайд онцгойлон тодотгож байв.

 

Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэгүүд Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлэн ажиллаж байна, аймгийн Засаг дарга боловсролын салбартаа онцгойлон анхаарч ажилладаг хүн байна хэмээн хэмээн дүгнэсэн. Сайдын орсон газар бүхэн өөр өөрсдийн онцлог, өөр өөрсдийн арга барилтай байсан бөгөөд хүүхэд хөгжүүлэх арга барилаа маш сайн эзэмшиж, хүүхдүүдээ зөв төлөвшүүлэн, хүүхдүүд нь өөрийгөө зөв нээжчадсан, хэлэх гэсэн зүйлээ чөлөөтэй зөв илтгэж, биеэ даасан, өөртөө итгэлтэй байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Багш бүр л өөр өөрийн арга барилаар сэтгэж, хүүхдээ хөгжүүлэх алхамуудыг хийсэн ч бусдаасаа ялгарсан амжилтаараа Сүхбаатар сумын Улсын Тэргүүний цэцэрлэгийн багш Д.Насанжаргал, Улсын тэргүүний ЕББД лаборатори 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмон нарыг онцлон сайшааж, тэдний туршлагыг улс даяар нэвтрүүлж ажиллах хэрэгтэй гэсэн юм. Мөн тэрээр сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн бэлтгэсэн бяцхан урлагийн тоглолт, хичээлийн үзүүлэх материал, бүтээсэн бүтээл зэрэгтэй танилцаж явахдаа “танай хүүхдүүд бүгдийг чадах бүрэн чадвартай, боломжтой юм байна” хэмээсэн. Сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд ихэд сэтгэл гаргаж хүүхдүүдээ хөгжүүлж байгааг сайшаалааБСШУ-ын сайд багш нарт “”Дэлхийд өрсөлдөх Монгол хүн” лекцийг уншсан юм. Цаг наргүй хөдөлмөрлөж, хүний үр хүүхдийн төлөө сэтгэл хамаргүй зүтгэж яваа багш нараа хайрлаж, тэдний төлөө чин сэтгэлээ зориулж, ар гэр, үр хүүхдэд нь анхаарч, сэтгэлийг нь зөв уншдаг байхыг захирал нараас хүссэн юм.

Уулзалтын төгсөлд тэрээр “Сэлэнгэ аймаг 35 сургууль, 32 цэцэрлэгтэй. Би хоёр өдөр ажиллахдаа дөнгөж таван сургууль гурван цэцэрлэгээр л орлоо. Орж амжаагүй, уулзаж чадаагүй та бүхнээс хүлцэл өчье гэлээ. Уулзалтын үеэр хүүхдээ хөгжүүлэхэд чин сэтгэлээ зориулсан, онцгой арга барилаараа бусдаасаа тодорсон 4-р цэцэрлэгийн багш Д.Насанжаргалын магистрт сурах төлбөрийг сайд өөрөө даан суралцуулах, 4-р сургуулийн багш Г.Цолмонд “Зөвлөх багш” цол олгохыг холбогдох хүмүүст үүрэг болгосон.

Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн БСГ-ын дарга Д.Загдгочоо, Сүхбаатар сумын 4-р сургуулийн захирал Н.Энхтөр нарын хүмүүсийг БСШУ-ны сайдын “Талархал”, зарим багш нарыг БСШУ-ны жуух бичиг, аймгийн БСГ-ын ахлах мэргэжилтэн А.Элбэгбаяр, 5-р сургуулийн захирал Б.Болд, багш Д.Алтанцэцэг, Ж.Оюунцэцэг, Б.Энхцэцэг, Ш.Энхцэцэг нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагналаа. Мөн Сүхбаатар сумын 4-р сургуульд үндэсний хөгжмийн иж бүрдэл, Сүхбаатар сумын 4-р цэцэрлэг, 3-р цэцэрлэг, 1-р сургуульд компьютер, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр Сэлэнгэ аймагт жинхэнэ утгаараа хөгжиж байна. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Сэлэнгийн үр сад” гэдэг сайхан нэртэйгээр хүүхдүүдээ хөгжүүлж, маш их анхаарал тавьдаг хүн юм гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэлээ.