Сэлэнгийн дуучин олон улсын уралдааны тэргүүн байрт шалгарлаа
Дархан хотын Залуучууд театрын ахмад дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Алтанцэцэгийн нэрэмжит Монгол ардын дууг “Гарамгай сайн дуулах дуучин” шалгаруулах Олон улсын уралдаанд энэ сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагджээ.
 
 
Уг уралдаанд Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин Э.Бат-Эрдэнэ, Ч.Өрнөхбаяр, н.Баасанжаргал нар амжилттай оролцсон байна. Энэхүү Олон улсын уралдаанд Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 75 дуучин оролцож, авьяас чадвараа сорин, хоёр үе шаттайгаар өрсөлджээ. Уралдааны дүн гарахад тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин Э.Бат-Эрдэнэ хүртэж, тэргүүн байрын өргөмжлөл, алтан медалийн эзэн болсон бол дуучин Ч.Өрнөхбаяр тусгай байрт шалгарч, Монголын радиогийн “Алтан фонд”-д өөрийн хүссэн дуугаа, хүссэн үедээ бичүүлж үлдээх эрхийг гардан авчээ. Энэхүү эрх нь тэрбүр дуучин хүнд олдоод байдаггүй, ховорхон хувь заяа шүү хэмээн тус чуулгын дуу ангийн багш Ж.Дашдаваа бахархан өгүүллээ. Ийнхүү Сэлэнгийн дуучид чадварлаг гэдгээ олон улсын тайзнаас харууллаа.