Урлаг, соёлын үйл ажиллагааг тав тухтай орчинд хүлээн авах боломж бүрдлээ
Шаамар сумын Соёлын төвийн хамт олон сумынхаа ард иргэдэд урлаг, соёлын, үзвэр үйлчилгээг үзүүлэх, хүүхэд багачуудыг дуу, бүжиг, хөгжмийн дугуйланд хамруулан хичээллүүлэх шинэ байраа хүлээн авлаа. Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Боловсрол Соёлын газрын дарга Д.Загдгочоо, холбогдох мэргэжилтнүүд, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, сум орон нутгийн удирдлагууд болон төр төсвийн байгууллагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо. Соёлын төвийн уг барилга нь улсын хөрөнгө оруулалтаар 1.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригдсан бөгөөд 250 хүний суудал бүхий урлагын заал, орон нутаг сурталчлах танхим, номын сан, бүжиг, хөгжмийн дугуйлангийн өрөө тасалгаатай баригдсан байна. Ийнхүү шинэ байр бий болсноор Шаамар сумын ард иргэд урлаг, соёлын үйл ажиллагааг тав тухтай орчинд хүлээн авах боломж бүрдэж байгаа юм.