Аймгийн ЗД-ын ивээл дор “Ирээдүйн их мастерууд 2015” шатрын тэмцээн зохион байгуулагдлаа

“Ирээдүйн их мастерууд-2015” шатрын тэмцээн энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрсөн жил манай аймаг 1000 сурагчийн шатрын тэмцээнийг Монгол Улсад анх удаа амжилттай зоохион байгуулж байсан. Харин энэ жи 2015 хүүхдийг хамруулсан тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Эхний шатны тэмцээн аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн шатар тоглодог хүүхдүүдийн дун болж шигшээд шалгарсан шилдгүүд аймгийн төв Сүхбаатар хотын Партизаны талбайд оноолтоор өрсөлдөв. Сум бүр 10 тамирчны бүрэлдэхүүнтэй нэг багийн 7-17 хүртэлх 7 насны ангилалд хамрагдах хүүхдүүдээр бүрдүүлж тэмцээнд оролцсон. Спортын зэрэг цолтой, өсөх ирээдүйтэй олон тамирчид энэхүү тэмцээнд хүрэлцэн ирсэн байлаа. “Ирээдүйн их мастерууд-2015” шатрын тэмцээнийг багийн дүнгээр Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн 1-р баг тамирчид тэргүүлж, цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Аймгийн Шатрын холбооны тэргүүн Ж.Санжжав:

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг шатрын спортын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт нь оруулсан. Ингэж сургалтын хөтөлбөрт орсноор сургууль бүр багштай, зохион байгуулалттай сургалтын үйл явц явагдаж байна. Үүний үр дүн ч гарч байна. Өнгөрсөн жилийн бидний санаачилсан тэмцээнд 1000 гаруй хүүхэд оролцсон. Энэ жилийн хувьд зохион байгуулалтандаа жаахан өөрчлөлт хийж сургууль бүр дээр эхний шатны тэмцээнийг явууллаа. Тэндээс шигшээд дараагийн шатанд авчирч байгаа. Бидний ойлгож байгаагаар өнгөрсөн жил хамгийн анхны 1000 хүүхдийн тэмцээнийг манай аймаг зохион байгуулсан. Манай аймгийн дараа Завхан аймаг зохион байгуулсан. Шатрын спорт гэдэг бол хүүхдүүдийг бие даасан шийдвэр гаргаж сургадаг онцлогтой спорт. Хүүхдүүд багаасаа л эцэг эхийнхээ хэлсэн ярьснаар явдаг бол энэ спортоор хичээллээд өөрөө шийдвэр гаргаж эхэлдэг давуу талтай. Шатрын 20 нүүдэл хийхэд 20 бие даасан шийдвэр. Ээж, ааваар, багшаар хэлүүлэлгүй өөрөө шийдвэр гарган нүүж байна. Урьдчилж шийдвэр гаргаж, бодож, төлөвлөж сурах нөхцөлд хүүхдийг багаас нь сургадаг. Ийм ч учраас бид эхний ээлжинд бүх сургуульд 10 шатар авч өгсөн. Зарим сургуулиуд бүр мэргэжлийн багштай болсон байгаа. Сүхбаатар сумын 4-р сургууль гэхэд Баянбайгаль гээд спортын мастер багштай. Хүүхдийн ордон дээр Билэгсайхан гээд мастер багш олон хүүхдүүдийг сургаж байна. Алтанбулаг суманд Ганбаатар мастерийн “Алаг морьт” гэж шатрын клуб олон жил амжилттай хичээллэж байна. Тэндээс олон мастерууд төрөн гарсан. Энэ тэмцээнд оролцогч хүүхдүүдийн чансаа, ур чадвар, өрсөлдөөн жилээс жилд нэмэгдэж байгаа учраас “Ирээдүйн их мастерууд” төрөн гарах суурь нөхцөл нь болно гэж ойлгож хүүхдэд зориулсан энэ ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Манай аймгаас анхны их мастер төрчихсөн. Алтанбулаг сумаас А.Энхтуул гэж манай тамирчин анхын эмэгтэйчүүдийн шатрын их мастер болсон. Энэ тамирчны араас явж байгаа олон охидууд байна. Жаргалмаа,Учрал, Номиндалай, Амин-Эрдэнэ гээд. Энэ бүхэн эцсийн дүндээ шатрын спортод амжилт гаргахаас илүүтэйгээр эх орон аймагтаа хэрэгтэй хүн болж төлөвшихөд, бие даасан шийдвэр гаргаж сурахад, эцэг эхдээ тустай хүн болоход ямар нэг хэмжээгээр тус дэмээ өгнө гэж найдаж бид энэхүү аргө хэмжээг бодлоготойгоор аймгийн Засаг даргынхаа ивээл дор зохион байгуулдаг. Манай шатрын холбоо бүх зохион байгуулалтын талыг хариуцан ажиллаж байгаа.
 
Улсын тэргүүний 4-р сургуулийн захирал Н.Энхтөр:
 
“Ирээдүйн их мастерууд” 2015 сурагчийн шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээнийг улсын тэргүүний 4-р сургууль санаачлан өнгөрсөн жил 1000 сурагчийг энэ талбай дээр цуглуулж байсан. Энэ жилийн хувьд өргөжүүлээд 2015 сурагчийг хамруулсан 2 үе шаттай тэмцээнийг зохион байгуулж байна. Эхний шатанд манай аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн шатар тоглодог хүүхдүүд хамрагдан дараагийн шатанд шалгараад байгаа. Одоо энэ талбай дээр 2-р шатанд шалгарсан шилдэг хүүхдүүд ирээд байна. Энэ тэмцээн маань 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Цаашдаа уламжлал болон явагдана. Санаачлагч нь манай сургууль. Аймгийн Засаг дарга ивээл дороо энэ тэмцээнийг зохион байгуулан явуулдагт талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн тэмцээнийг аймгийн БТСГ, БСГ, манай сургууль хамтраад аймгийн Засаг даргын ивээл дор явуулж байна. Бид энэ тэмцээнээс ирээдүйн монголын шатрын их мастерууд төрөн гарна гэсэн өөдрөг бодолтой байдаг.
 
 
Шатрын спортын дэд мастер Д.Балжинням:
 
Өнөөдөр 1000 шатарчны баярын энэ өдөр шатрын спортын дэд мастер цолыг авсандаа туйлын их баяртай байна. Хүүхэд залуучуудыг шатрын спортоор хичээллэж хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна. Сургуулийнхаа шатрын багшийн ажлыг 8 дахь жилдээ хийж байна. Манай шавь нараас амжилт гаргасан хүүхдүүд олон бий. Би өөрөө ч багш нарын уралдаан тэмцээн болон бусад тэмцээнүүдэд амжилт гарган оролцож байсан. Энэ бүхнийг маань үнэлж өнөөдрийн энэ шагналыг олгож байна гэж бодож байна. Миний хувьд багаасаа л шатрын спортыг сонирхож, хичээллэх болсон.