Аймгийн ЗД-ын ивээл дор “Ахмад настны урлаг, соёлын их наадам” боллоо
Аймгийн Засаг даргын ивээл доор ахмад настны соёл, урлагийн их наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадмын 1-ээр шатны зохион байгуулалт энэ оны 04, 05-р сард 17 сум, 6 тосгон тус бүрт амжилттай зохион байгуулагдсан бол 2-аар шатанд оролцохоор сум бүрээс нийт 167 ахмадууд аймгийн төвд хүрэлцэн ирсэн байлаа. Ахмадууд 87 урлагийн номертой иржээ.
 
 
 
Аймгийн Ахмадын хорооны тэргүүн Р.Ганхуяг:-“2014 оны 09-р сард Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар 2015 онд аймагтаа анх удаагаа ахмад настны соёл урлагийн их наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг аймгийн ИТХ, Засаг дарга, бусад холбогдох газруудад танилцуулсны үндсэн дээр соёл урлагийн их наадмын 2-аар шатны үйл ажиллагаа Сүхбаатар суманд зохион байгуулагдаж байна. Энэ үйл ажиллагаа аймгийн Засаг даргын ивээл дор болж байгаагаараа онцлогтой. Манай ахмадууд бол дуусашгүй их авъяастай хүмүүс байдаг. Энэ ч утгаараа баярлаж, өөр хоорондоо уулзалдаж байгаад баяртай байна. Бидний үндсэн гол зорилго бол ахмадуудаа нийгмийн амьдралд татан оролцуулах, ганцаардлаас ангид байлгах, авъяас билгийг нь урамшуулж сэтгэл санааг нь өөд нь татах, нэгдсэн нэг хамт олныг бүрэлдүүлж, хуучин найз нөхөдтэй нь уулзуулах, залуу сайхан насыг нь дурсаж тэр үед нь аваачих юм” гэлээ.