Бүсчилэн зохион байгуулагдсан “99 сарнай” арга хэмжээ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “99 сарнай” арга хэмжээ энэ жил шинэлэг, онцлог зүйлээр дүүрэн болж өнгөрлөө.
 
Бүсгүйчүүдээ алдаршуулах, тэдний хийж буй үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах, хамтын хүчний давуу чанарыг харуулах, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн авьяас, билгээ зориулан яваа үйлсийг нь дэмжих зорилгыг агуулдгаараа энэхүү арга хэмжээ өргөн цар хүрээтэй төдийгүй онцлог. Өмнөх жилүүдэд аймгийн төвд зохион байгуулдаг байсан бол энэ жил бүсийн төвүүдэд болсноороо давуу талтай байв. 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү энэ удаагийн арга хэмжээнд 17 сум, 6 тосгон, 23 нэгжийн төлөөлөл болсон 600 гаруй бүсгүйчүүд, 108 багт хуваагдан оролцжээ. Бүсгүйчүүд багаараа, найз нөхдөөрөө, хүсэл зоригоороо нийгмийн сайн сайхны төлөө хамтын хүчээ нэгтгэн олон чухал ажлуудыг хийсэн байна. Алтанбулаг сумын “Эвийн холбоо” бүлийнхэн хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлэгт хандсан олон чухал үйлсийг бүтээсэн бол Шаамар сумын “Буман сүрэг” бүлийн 12 өрхийн эмэгтэйчүүд дэлхийн зөнгийн зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрөөс 50 бүл зөгий аваад хамтарч ажилласныхаа хүчинд 50 бүл зөгийгөө буцаан өгч, өөрсдийн бүл зөгийтэй болжээ. Харин Сүхбаатар сумын “Андууд” группийн 19 гэр бүл нийлэн халамж, хайр дутагдсан газарт өглөгийн сэтгэлээрээ хандив түгээсэн үйлсээрээ энэ жилийн “99 сарнай” үйл ажиллагаанд шалгарчээ. Энэ үеэр урлаг, соёлын арга хэмжээ явагдаж, морин хуурын хүүхдүүд, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид, “Нэг санаа-нэг хүсэл” амьд хөгжмийн хамтлаг дуу хуурын хөгийг бүсгүйчүүддээ нэмсэн байна. Өрх толгойлсон, ажил үйлсээрээ шалгарсан 23 бүсгүйчүүдийг аймгийн Засаг дарга “Жуух бичиг”-ээрээ шагнасан. Мөн МЭХ-ны хүндэт тэмдэгээр 23 эмэгтэй шагнагдсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шилдэг азтнуудад шагналаа хүргүүлснийг гардуулан өгсөн байна.