Шатар сонирхогчдын улсын аваргад манай тамирчид амжилттай оролцлоо
Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөсөн.
 
Нийт 2300 шатар сонирхогч оролцсон тэмцээний эрэгтэй төрөлд 94 шатар сонирхогч оюун ухаанаа сорин өрсөлдөж нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор тэргүүлж, Орхон аймгийн оролцогч Ө.Цэрэндорж, Дорнод аймгийн оролцогч Д.Дүүрэнжаргал нар удаалжээ. Шагналт дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн оролцогч Г.Харуулбаатар, тавдугаар байрт Сэлэнгэ аймгийн оролцогч С.Сундуй шалгарсан байна. 33 эмэгтэй шатарчин оролцсон эмэгтэй төрөлд Дархан-Уул аймгийн оролцогч Т.Март 7 оноогоор тэмцээнийг тэргүүлж, алтан медаль хүртсэн бол Сэлэнгэ аймгаас оролцсон Б.Алтантуяа удаалж, Увс аймгийн оролцогч Ж.Алтанцэцэг гуравдугаар байрт шалгарсан байна. Шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор С.Алтанхуяг, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Д.Сайнзаяа нарыг тодруулжээ. Ийнхүү манай аймгийн шатарчид мөнгө медаль, тусгай байрт шалгаран шатар сонирхогчдын улсын аваргад амжилттай оролцоод ирлээ.