Ардын хувьсгал ялснаас хойш Монгол улсын мэргэн 25 төрөн гарчээ
Манай аймаг эрт дээр үеэс өнөөг хүртэл сурын харваагаа үе уламжлуулан хөгжүүлж ирсэн, аймаг, улсдаа алдар цуугаа дуудуулсан үе үеийн харваачидтай нутаг. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, партизан Г.Бумцэнд, партизан Б.Дамдин, М.Цэдэв, Монгол Улсын гарамгай мэргэн О.Адилбиш, 18 насандаа Улсын мэргэн цол хүртсэн “хошой мэргэн” Ж.Гүнбадрал, нэг гэр бүлийн спортын 7 мастертай З.Баатарынх, үндэсний сурын ууган гавъяат тамирчин, анхны “дархан мэргэн” Ардын хувьсгалын ойн баяр наадамд 6 удаа түрүүлсэн амжилт нь одоо ч эвдэгдээгүй яваа Ч.Мөнхцэцэг зэрэг алдартай мэргэчүүдээрээ Сэлэнгэчүүд бахархаж явдаг.
 
 
 
Тиймдээ ч энэхүү түүхэн уламжлалаа бататгах, хөгжүүлэх, бүх нийтийг жигд хамруулан өсвөр залуу үеийнхэнд өвлүүлж, хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт, сурталчилгааг тогтмолжуулан үндэсний сурын харваагаар хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэхээр “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх” аймгийн хөтөлбөрийг гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд сум бүрийг үндэсний сурын талбайтай болгох, үндэсний сурын спортын хэрэглэл материал үйлдвэрлэх иргэд аж ахуйн нэгж байгууллагын санал санаачлагыг дэмжин ажиллах, ерөнхий боловсролын сургуулиудыг нум сум болон сургалтын гарын авлага, бусад хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг үе шаттай хийх, үндэсний сурын аймгийн төв талбайг тохижуулах, спортын сургуулийн сургалтын хөтөлбөрт үндэсний сурын спортыг оруулж, дугуйлан нээн хичээллүүлэх зэрэг тодорхой зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
Үндэсний сурын спортоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх, онолын мэдлэг олгох, сумдын сурын товчоодын ажиллах чиг үүргийг тодорхой болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн “Үндэсний сурын харвааг хөгжүүлье” зөвөлгөөнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Зөвөлгөөнд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Соёлын төвийн эрхлэгч, биеийн тамирын багш нар, харваачид оролцож, шинжлэх ухааны доктор Ж.Базарсүрэнгийн “Нум сумын үүсэл, зэр зэвсэгийн тухай”, МҮСХ-ны хүндэт Ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор С.Батхуягийн “Монгол харвааны хөгжсөн үе шатууд”, Үндэсний уламжлалт сурын холбооны Ерөнхийлөгч, ОУХМ Т.Зоригийн “Үндэсний сурын уламжлалт харвааны тухай”, Аймгийн сурын холбооны тэргүүн, Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатарын “Сэлэнгэ аймгийн үндэсний сурын товчоо, үүсэл, хөгжил, төрөн гарсан алдартнуудын тухай”, Буриад сурын харвааны холбооны дэд дарга, спортын мастер Б.Амарсайханы “Буриад сурын харвааны тухай, Урианхай сурын аймгийн холбооны тэргүүн О.Буянтогтохын “Урианхай сурын харвааны тухай”, Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайханы “Сэлэнгэ аймгийн үндэсний сурын харвааг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө”-ний талаарх илтгэл мэдээллийг сонсож, сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа.