“Соёл-эдийн засгийн өдрүүд” Баруунбүрэн сумаар эхэллээ
Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сумдын “Соёл-эдийн засгийн өдрүүд”-ийг зохион байгуулах зорилтыг дэвшүүлж 2014 онд Баруунбүрэн, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Ерөө сумдын “Соёл-эдийн засгийн өдрүүд”-ийг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу энэ сарын 25, 26-ны өдрүүдэд алдар суутнуудын өлгий нутаг Баруунбүрэн сумаар эхлүүллээ. Тус арга хэмжээг сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, соёл, урлаг, аялал жуулчлалын ажил үйлчилгээний хүртээмжийг дэшлүүлэх, эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор зохион байгуулж байна.
 
Аймгийн төв партизаны талбайд Баруунбүрэн суманд үйлдвэрлэгддэг айраг, сүү, цагаан идээ, нарийн боов, арвайн гурил, үндэсний хувцас, шүрэн эдлэл, монгол гэрийн дотуур, гадуур адууны сүүлээр хийсэн бүслүүр, гэрийн зуух, яндан, гурилын сав, барилгын блок, вакум цонх зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдлаа.
 
Сумын түүх, соёл, ард түмний аж байдал, зан заншлыг харуулсан зурагчин Д.Содбилэгийн фото зураг, МУСТА зураач Г.Эрдэнэбатын уран зураг болон сум орон нутагтай холбоотой бусад төрлийн үзэсгэлэн Сэлэнгийн догио чуулгын байранд боллоо.
 
Сумын ардын авъяастнуудын “Бүрэнханы дуулал” урлагийн тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй, халуун алга ташилтан дор явагдлаа. Тоглолтонд тус нутгийн уугуул “Номин талс” хамтлагийн ахлагч С.Батсүх хүрэлцэн ирж олныг баясгалаа. Сэлэнгэ аймгийн анхны гавъяат малчин 86 настай С.Нямсүрэн эмээ ардын дуу дуулж үзэгчдийг гайхшруулсан. “Бүрэнханы дуулал” тоглолт үзэх, сонсох, ярих юмтай сайхан тоглолт боллоо.
 
Партизаны талбай хүний хөлөөр дүүрсэн соёл-эдийн засгийн өдрийн “Үдшийн цэнгүүн”-д тус нутгийн уугуул “Номин талс” хамтлагийн ахлагч, СТА С.Батсүх, СТА дуучин Б.Чинболор, “Нэгэн зүгт” хамтлаг, амьд хөгжмийн “Жигүүр” хамтлагууд оролцож үзэгч, фэнүүдээ баясгалаа.
 
Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд 6 удаа түрүүлсэн манлай арслан Ж.Сундуйн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан спортын төв ордонд боллоо.
 
Баруунбүрэнчүүд өөрийн урлаг соёл, авъяас чадвар, бүтээлч хөдөлмөр, алдар суутнуудаа олон нийтэд сурталчлан таниулсан “Соёл-эдийн засгийн өдрүүд”-ээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж чадлаа.