1000 сурагчийн шатрын анхдугаар тэмцээн явагдлаа
Аймгийн Засаг даргын ивээл дор “Ирээдүйн их мастер” 1000 сурагчийн шатрын анхдугаар тэмцээн энэ сарын 04-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургуулийн санаачлагыг үндэслэн зохион байгуулагдсан тус тэмцээн 7 өрөг, Швейцар системээр явагдаж аваргуудаа тодруулсан.
 
Анхдугаар тэмцээний нээлтийн ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, БШУ-ны яамны стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга н.Отгонсүрэн, Оюун ухааны акапемийн спорт өрөлтийн холбооны дарга н.Батжаргал, Боловсролын газрын дарга Д.Загдгочоо, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюун, ССАЖГ-ын дараг Б.Батулга, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Б.Баттөр, Сүхбаатар сумын Засаг дараг М.Үүрийнтуяа, Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургуулийн захирал Д.Энхтөр болон аймгийн 32 сургуулийн захиралууд, 1300 орчим сурагчид оролцлоо. Энэ үеэр спорт өрөлтийн аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн явагдаж, аймгийн Боловсролын газрынхан “Ном”, “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлынхаа үзэсгэлэнг гаргаж олон нийтэд танилцууллаа. Нэг ёсондоо энэ өдөр аймгийн Боловсролын газар бүтэн жилийн ажлаа тайлагнасан гэж болно. 1000 сурагчийн шатрын анхдугаар тэмцээний “А” бүсийн тэргүүн байрт Алтанбулаг сум шалгарч, Сүхбаатар сумын 1-р сургууль, Сүхбаатар сумын 4-р сургуулиуд удааллаа. “Б” бүсэд Алтанбулаг сумын сургуулийн сурагчид тэргүүлж, Баянгол, Сайхан сумын сургуулиуд удааллаа. Ийнхүү анхдугаар тэмцээнд Алтанбулагчууд 2 бүсэд тэргүүлж шилдэг гэдгээ харууллаа. Энэ нь байнгын хичээллэлт, уйгагүй хөдөлмөр, “Алаг морь” шатрын клубын үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг аймгийн ИТХ-ын дарга, Шатрын холбооны тэргүүн Ж.Санжжав тэмдэглэн хэлсэн юм. Манай аймгийн хувьд шатрын спортыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч хичээлийн хөтөлбөрт оруулаад байгаа. Ж.Эрдэнэбат даргаас эхлээд С.Бүрэнбат даргын мөрийн хөтөлбөрт шатрын спортыг хөгжүүлж, хүүхдүүдийн оюун ухааныг тэлэх зорилго зорилтууд тусгагдсан байгаа юм.
 
Сэлэнгэ аймаг бол үндэсний сурын гол бүс нутаг. Тиймээс үндэсний сурын спортыг хөгжүүлэх тал дээр өөрийн гэсэн бодлоготой. Олон сайхан мэргэчүүд манай аймгаас төрөн гарсан, үндэсний сурын үйлдвэр манай аймагт байдаг гээд давуу талууд бий. “Хөвчит нум” ХХК-ийн захирал, 7 дах үеийн харваач С.Болдбаатар өөрийн үйлдвэрлэсэн нум сумаа Дулаанхаан тосгон, Ерөө сум, Баянгол сумын сургуулиудад гардуулан өглөө.
 
 
Аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургууль, аймгийн Шатрын холбоо, ССАЖГ, ДЗМОУБ хамтран зохион байгуулсан 1000 сурагчийн шатрын анхдугаар тэмцээн амжиллттай болж өндөрлөлөө.