Хүүхдүүд гэр бүлдээ жаргалтай

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг энэ жил манай аймаг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Сүхбаатар сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан Хүүхдийн баярын арга хэмжээ Сүхбаатар хотын төв Партизаны талбайд боллоо. Энэ өдөр аз жаргалаар дүүрэн хүүхэд багачууд аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах нь үнэхээр гэр бүлийн аз жаргалыг харуулах аж. Энэ сайхан баярын өдрөөр талбай дүүрэн цэцэгс шиг алаглах хүүхдүүддээ зориулан “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай”, “Бидний ирээдүй”, “Тоглоомын хотхон”, “Цэцэгсийн хотхон”, “Спортын хотхон”, “Үлгэрийн хотхон”, “Номын хотхон”, “Сэлэнгэ сайхан нутаг хүүхдийн зуслангийн хотхон”, “Миний чин зоригт бяцхан найз” зэрэг хотхонууд үүд хаалгаа нээж, бяцхан иргэдээ угтан үйлчиллээ. Эх үрсийн баярын энэ өдөр Сүхбаатар сумын 34 ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж, аймаг, сумын удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Энэ өдөр аймгийн ЗДТГ-ын Ө.Сувдаа, НХХ-ийн дарга Ж.Батсайхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шинээр мэндэлсэн бяцхан үрсдээ аймгийн Засаг даргын бэлгийг гардуулан өглөө.