“Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид “Гэгээн муза”-гийн эзэд боллоо

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза" наадам энэ сарын 19-ний өдөр болж, шилдэг уран бүтээлчдээ тодрууллаа. Арван нэг дэх удаагийн "Гэгээн муза" наадам улаан хивсний ёслолоо Чингисийн талбайд хийсэн, гадаадын шүүгчид ажилласан гээд багагүй онцлогтой болж өндөрлөсөн. 7 орны уран бүтээлчид авъяас чадлаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан олон улсын энэхүү наадмаас манай аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид олз омог дүүрэн ирлээ. Тус наадмын Шилдэг зохиолчоор “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгийн зохиолоор найруулагч С.БАЯРСАЙХАН, Шилдэг эрэгтэй туслах дүрээр "Гоолингоо" жүжгийн Алтанболдын дүрээр дуучин Б.УУГАНБААТАР нар шалгарч “Гэгээн муза”-гийн эзэн боллоо.