Аймгийн Засаг дарга Казак иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Үндэсний цөөнх гэгддэг Казакийн ард түмний уламжлалт нарны баяр буюу науризын баярын өдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Жавхлант сумын Моностойн 2-р багийн иргэн С.Молдагорийн гэр бүлд зочилж Сэлэнгэ аймагт ажиллаж амьдарч байгаа казак түмний төлөөлөл болгон хүндэтгэл үзүүллээ.
 
Казак түмний энэ баяр нь манайхаар цагаан сар бөгөөд хамгийн өндөр настандаа хүндэтгэл үзүүлэн цугларч, дасдарханаа тойрон эрэгтэй, эмэгтэйгээрээ насны эрэмбээр суудаг ажээ. Дасдархан гэдэг нь манайхаар баярын ширээ ба газраар засдаг онцлогтой. Үндэсний хувцасаараа гоёсон казак иргэд домбор хөгжмөө эгшиглүүлэн, дуутай, бүжигтэй, архи дарсны төрөлгүй энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Баярын өдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат ахмад настан Хайралдог болон бусад хүмүүст гарын бэлэг гардуулсан бол Жавхлант сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр С.Молдагори, С.Женис нарыг сумын удирдлагууд шагнаж урамшууллаа. С.Молдагори сумын анхны фермерийн аж ахуй эрхлэгч, ажилсаг нэгэн гэж сумынхан нь хэлж байсан юм.